ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд зургаадугаар сарын сүүлийн өдрүүдэд, хүчтэй аадар бороо үргэлжилсний улмаас Эрхүү мужийн олон мянган айл, өрх иргэдэд, их хэмжээний хохирол учирсан.
Иймд үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Тус аяны хүрээнд гэр орноо алдсан хүүхдүүдийг Монголд авчран амраах ажил албан ёсоор эхэлж, 9-17 насны 42 хүүхэд өчигдөр Монголд иржээ.
Эдгээр хүүхдүүдийг Улаанбаатар Төмөр Зам үнэгүй тээвэрлэсэн бөгөөд хүүхдүүд наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 40 хоног "Найрамдал" зусланд амарна. Аяны зохион байгуулалтын ажлыг бүх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжин ажиллаж байгаа гэнэ.
Хандивын аянд нэгдэж сайхан сэтгэлийн тусламж үзүүлсэн та бүхний оролцоо эдгээр хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэглэл болон бусад нэн хэрэгцээтэй зүйлд зарцуулна гэж Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөлөөс мэдээллээ.