Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 23:00 цагаас хаан “Дабль пирамид констракшн” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм.
Нийт 155 метр урт дулааны шугам хоолойг шинээр солих ажил ирэх наймдугаар сарын 1-н хүртэл хийгдэх бөгөөд маргаашнаас Цэцэг төвөөс хойшоо чиглэсэн авто замын хөдөлгөөнийг нээх ч нэгдүгээр эгнээг хаах гэнэ.
Учир нь дулааны шугам сүлжээ авто замын нэгдүгээр эгнээг дайрч буйгаас гадна техник хэрэгслийг байршуулан шугам сүлжээг солих ажлыг гүйцэтгэх юм байна. “Дабль пирамид констракшн” ХХК-ийн өгсөн мэдээллээр дулааны шугам сүлжээг солихын тулд газар доогуур байрлах холбооны шугам сүлжээнд гэмтэл учруулахгүйн тулд Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын бие бүрэлдэхүүнтэй хамтран холбооны 93 кабелтай хоолойг гар аргаар найман цаг ухаж гаргасан байна.
Уг дулааны шугамыг өргөтгөснөөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны оршин суугчдын халаалт сайжрах тул ард иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй гэдгийг албаны хүн дурдлаа.
Манай сурвалжлах багийг очих үед “Цэцэг” төвийн уулзвар дор байрлах худагт дулааны хоолойг холбох гагнуурын ажил хийгдэж байлаа. Дулааны шугам сүлжээний ажлыг хийж буй хүмүүсийн хэлснээр таван гагнуурчин 48 цаг амралтгүй ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр шугам сүлжээг солих ажлыг дуусгаж, маргааш гэхэд замын хучилтын ажлыг гүйцэтгэх болно хэмээв.