“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн мэргэшсэн инженер, Эдийн засагч П.Өлзийнаран “Халуун сэдэв” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцлоо.
-Та “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хаяж, нэлээн ноцтой мэдэгдэл гаргасан. Яагаад ийм зүйлийг хийх болов?
-Би 2011 оноос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Намайг ажил авах үед тус компанид асар олон хүндрэлтэй асуудал байсан. Маш их өртэй, нүүрсээ тн тутмыг нь 25 ам.доллараар зардаг, суурь судалгаа хийгээгүй гэх мэт. Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний үнийг нэмж, өрийг барагдуулсан гэдгээр тайвшрах болоогүй. Цаашид урт хугацаанд оршин тогтнох, тогтвортой хөгжих зорилтоо тодорхойлох ёстой. Өчигдөр хурлыг хаяж гарсан гол шалтгаан маань “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой, эрсдэлийн сантай байх ёстой гэдэг асуудлыг олон нийтэд хүргэх байсан. Бид энэ компаниа саалийн тарган үнээ шиг санаад байнга л саагаад байж болохгүй. Саравчтай болгох ёстой. Өвс тэжээл базаах ёстой. Хэрвээ миний хэлээд байгаа ажлуудыг яаралтай хийхгүй бол гэнэтийн бэрхшээл, эдийн засгийн хямрал нүүрлэхэд энэ компани сөхрөнө.
-Та бүхэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 20 хувиар бонд гаргаж, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох гээд байгаа. Яг хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа вэ? Тэр мөнгөөрөө юу хийх юм?
-Бидэнд угаах үйлдвэр, конверийн тээвэр барих зайлшгүй шаардлага байгаа. Уул уурхайг авто тээврийн системээр хийх нь асар өндөр зардалтай байдаг. Уул уурхайн нийт зардлын 60 хувь нь л гэхэд шатахуун байх жишээтэй. Энэ асуудал “Эрдэнэс-Тавантолгой” ХК төдийгүй Монголын уул уурхайн салбарт тулгамдаад байгаа. Тиймээс технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм. 2016 оноос хойш конверийн тээвэр нэвтрүүлнэ гэж ярьж байгаа боловч хийгээгүй. Энэ асуудлаа яаралтай шийдвэрлээч гэж би өчигдөр хурал хаялаа шүү дээ. Байнга л шимэгчилсэн, празиталсан байдлаар энэ уурхайг ашиглаад байх нь зохимжгүй. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д байнга л төрийн хяналт шалгалт орж тэр бүхэнд хөрөнгө босгох болон бусад ажлууд хойшилж байна. Тиймээс хоёр жилийн үйл ажиллагааны зардалтай тэнцэхүйц хэмжээний эрсдэлийн сантай болох асуудлыг яриад байхад шийдэлд хүрсэнгүй. Бид алсын хараатай байх ёстой.
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн жил нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, үүнээс 700 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлж байсан. Таны яриад байгаа шинэ технологи, конверийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн зардал хэдэн хувиар буурна гэж тооцож байгаа вэ? Дэлхийн жишгээр олсон цэвэр ашгийнхаа хэдэн хувиар эрсдэлийн санг бий болгодог юм бол?
-Хойд Европын орнууд эрсдэлийг маш их тооцож, тэр сандаа асар их хэмжээний хөрөнгө хуримтлуулж байдаг. Эрсдэлийн сан гэдэг нь эдийн засгийн аливаа хямрал бий болоход “Эрдэнэс-Тавантолгой” ХК сул зогсолтынхоо үед ажилчдынхаа цалинг тавиад, шатахуун тос, бусад түргэн элэгддэг материалаа бэлэн байлгах боломжтой байх ёстой. Дэлхий дээр оршин тогтнож байгаа бизнесийн ерөнхий зарчим энэ.
Харин цэвэр ашгийн хувьд хэлэхэд Багануурын уурхай цахилгаан тоног төхөөрөмжөөр олборлолтоо хийж байгаа. Тийм ч учраас нэг тн нүүрсийг 30,000 төгрөгөөр олборлож байна. Гэтэл бид гэрээт, түрээсийн компаниар нүүрсээ олборлуулснаас болж их хэмжээний зардал гаргаж байна. Гэрээт компаниар бид нэг тн бүтээгдэхүүнийг 80,000-150,000 төгрөгөөр олборлуулж байна. Хэрвээ зөв зүйлд зөв хөрөнгө оруулалт хийж чадвал энэ зардлаа 30-40 хувь хүртэл бууруулах бүрэн боломж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК маш зөв хөрөнгө оруулалт хийж чадвал өнгөрсөн жил олсон 700-800 тэрбум төгрөгийн цэвэр ашгаа 30-40 хувь нэмэгдүүлнэ гэсэн үг. Бид социализмаас хойш хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулна гэдэг асуудлыг огт ярихгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 10-30 хувь нь л үр ашигтай зарцуулагдсан байдаг.
-Та өчигдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг сүүлийн 10-аад жил МАН-АН ээлжлэн цөлмөж байгаа гэж мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр нам “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн яг хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгийг завшсан байдаг вэ?
-Завшиж идэж уусан гэж хэлэхэд хэцүү. Миний ажигласнаар МАН, МАХН, за бүр ялангуяа АН 2012-2016 онд үл бүтэх маш их гэрээ хэлцэл хийсэн байдаг. Үүнээс цааш би ярих боломж байхгүй. Энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалга гэж би шаардаж байгаа. 2012-2016 онд тавьсан зам нь хоёр гурван жилийн дотор урсаад дууслаа. Ингээд яривал их зүйл бий.
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудлыг хөндсөн байсан?
-Хөрөнгө оруулалтын асуудлаа бодитой болго л гэж шаардаж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр тэр төмөр замыг тавьсан учраас тухайн замыг хөрөнгө оруулагч нь эзэмших ёстой. Төмөр замыг татвар төлөгчдийн мөнгөөр хөгжүүлэх ёстой болохоос биш ногдол ашгаар хөгжүүлэх ёсгүй. Би салбарын мэргэжилтний хувь өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Түүнээс биш төр болон хувийн хэвшил, иргэдийг төлөөлж энэ асуудлыг яриагүй гэдгийг эцэст нь хэлье.