БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийг барих, өргөтгөхтэй холбоотой 105 төслийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 27 нь сургууль, 67 нь цэцэрлэг, зургаа нь спорт заал, дөрөв нь бага сургуулийн цогцолбор барих, өргөтгөх төсөл. Цэцэрлэгүүдийн өргөтгөлийн ажлын явцтай өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан төлөөлөл газар дээр нь очин танилцаж байгаа юм.
Ингээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салаанд баригдаж буй цэцэрлэг барилгын ажлын явцтай танилцахаар очих үед инженерээс гадна дөрвөн хүн ажиллаж байгаа дүр зурагтай угтжээ.
150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ирэх сарын 20-нд ашиглалтад орохоор гэрээндээ заасан байдаг ч дөрвөн хүнтэй ажиллаж байгаа тохиолдолд хугацаандаа ашиглалтад орохгүй тул БСШУСЯ-наас хүн хүчээ нэмэгдүүлэн стандартын дагуу барилгын ажлыг гүйцэтгэн хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болгов.
Уг цэцэрлэгийг барьж буй компанийн инженер өнгөрсөн хавар барилгын ажлыг эхэлсэн. Эхний санхүүжилтээ аваагүй, хоёр дахь санхүүжилт болох 800 сая төгрөгийг авч барилгын ажлаа эхлүүлсэн. Манай компани үндсэн 15 болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн 15 хүн ажиллаж байгаа ч наадмын дараагаас ажиллах хүмүүс маань ирээгүй байдалтай байна. Барилгын материалаа захиалчихсан байгаа. Төрийн байгууллагаас хамааралтай ажил байхгүй гэдэг хариултыг өгсөн юм.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хувьд улсын хоёр цэцэрлэгтэй ч уг хороонд цэцэрлэгийн насны 1663 хүүхэд амьдардаг.
Уг шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Баруун салаа орчмын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломж бүрдэж байгаа ч тендерт шалгарсан барилгын компанийн сэтгэлгүй, хайхрамжгүй байдлаас болж ирэх есдүгээр сарын 1-н гэхэд уг цэцэрлэг нээлтээ хийх эсэх нь эргэлзээтэй байна.
Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинээр барьж байгаа компаниудын нийтлэг гаргаж буй алдаа бол ажиллах хүн хүч. Өнгөрсөн хоёрдугаар сард Ё.Баатарбилэг сайд тендерт шалгарсан 150 гаруй аж ахуйн нэгжүүдтэй уулзах үеэрээ “Та нарын барьж байгаа барилгад та бүхний үр хүүхэд суралцах тул хугацаанд нь стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэг барьж өгч сэтгэл гарган ажиллахыг гуйж байна” гэсэн байдаг. Энэ онд БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэг барих нэг ч тендер явуулаагүй ч өмнөх онд тендерт шалгарсан компаниудын гүйцэтгэлтэй танилцаж, биелэлтэд хяналт шалгалт хийж байгаа юм. Цэцэрлэгийн тендерийн хувьд барилгын компаниудад хамгийн ашигтай гэж үздэг ч тэд сэтгэл гарган ажиллахгүй байна.