Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамбыг хутгах мэхээр өвдөг шороодуулснаар Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд шалгарч үлдлээ. Барилдааны эхнээс л Улсын аварга Н.Батсуурь хурц шийдэмгий барилдаан үзүүлж байсан бол Улсын гарьд Б.Гончигдамба бэргээ ихтэй байсаар өвдөг шороодлоо. Олон жил бөхөд хорхойтой ард түмнийхээ дунд төрийн наадмын түрүүг авна хэмээн яригдсаар ирсэн Улсын гарьд Б.Гончигдамба долоогийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулж наадамчин олноо баясгаад байсан билээ.