Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатараас Төв цэнгэлдэхэд цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.
Цагдаагийн байгууллагын 28 ангийн 1400 орчим албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван гэмт хэрэг бүртгэгдэн нэгийг нь шуурхай илрүүлсэн. Баярын өдрүүдэд бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг. Өчигдрийн хувьд 31 хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн байгууллагын алба хаагч нар эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн.
Улсын баяр наадмын энэ өдрүүдэд голын эрэг бараадах иргэд олширдог. Энэ хэрээрээ усанд эндэх эрсдэл мөн дагаад нэмэгддэг байна.
Тэгвэл энэ сарын 11-12-ны хооронд 25-40 насны гурван иргэн усанд живсэн байдалтай олдсон. Энэ жилийн тухайд Төв Цэнгэлдэхийн хамгийн их хүн төвлөрдөг газрууд болон хаалгууд дээр нийт 68 хяналтын камер байршуулсан.
Мөн цагдаагийн байгууллага дэвшилтэт техник технологиудыг ашиглаж байна. Бид нүүр царай, биеийн хэлбэр, хүйсээр таньдаг 12 камерыг иргэд ихээр орж ирдэг урсгалууд дээр байршуулан хяналт тавьж байгаа.
Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байсан этгээдүүдийн мэдээллийг тухайн камертай холбоно. Гэмт этгээд дүрс бичлэгт орох тохиолдолд бидэнд мэдээлэл ирэх юм. Ийм байдлаар ажиллаж байна. Өөр нэг онцлог нь зарим камерууд 360 градус эргэн бичлэг хийж, тухайн орчин тойрноо хянаж байна.