Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд, хязаалан насны хурдан морины уралдаанд аман хүзүүдсэн билээ. Д.Мөнхбатын хувьд анх удаа улсад ганц морьтой ирж уралдаад аман хүзүүдсэндээ хязгааргүй баяртай байна. Тэрээр 2016 онд найз Г.Хадхүүгийнхаа өгсөн хязаалангаар бас анхны уралдаандаа орж, түрүүлүүлж байсан сонин намтартай хүн ажээ.
-Таны зээрд хязаалан аман хүзүүджээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна. 2016 оноос морь уяж эхэлсэн. Моринд орсон түүх маань сонин. Энэ найз Г.Хадхүү маань намайг моринд ор, ор гэдэг байсан. Тэгээд нэг хязаалан үрээ өгсөн. Үрээгээ Төв аймгийн Эрдэнэ сумын наадамд уралдуултал түрүүлчихсэн. Ингэж л би моринд орсон. Найзыгаа "Багш аа" гэж хүндэлж явдаг. Өөрөө болохоор "Юун багш" гэдэг юм.
-Зээрд хязаалан ямар угшилтай вэ. Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Өлзийхуяг гэдэг хүний унаган адуу. Баганхангай дүүргийн уяач Д.Балдандорж уяж хурдлуулсан. Энэ жилийн хувьд улсад анх удаа уралдахаар ирэхдээ ганц үрээтэй ирсэн. Улсад айрагдсан маших баяртай байгаа. Зээрд үрээ маань сумдын наадамд дээгүүр уралдаж ирсэн.
Найз, уяач Г.Хадхүү:
-Энэ жил дөрвөн настай ирсэн. Ганц Их нас мордууллаа. Мөн найзынхаа ганц хязааланг мордууллаа. Өнгөрсөн жил хязаалан насанд нэг морь маань айргийн тавд хурдалж байсан. Мориныхоо онцлогийг мэдэрч чадвал уяачийн эрдэм тэр юм болов уу гэж боддог.