СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-12

АНХААР: Томоохон голууд үерийн түвшинг даван үерлэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд буюу 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 хэм хүртэл халах төлөвтэй байна.

Харин Сэлэнгэ мөрөн Хялгант сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. 

Иймд:

 -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.

-Борооны үед гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

МАЛЧИД, АРД ИРГЭД, НААДАМЧДЫН АНХААРАЛД

13-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-16-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 12-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор    30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 13-НААС 07 ДУГААР САРЫН 17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

13-14-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.