Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбай, Хүй долоо худагт нийт бага насны 205 хүүхэд төөрч эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байдаг.
Тэгвэл Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажиллана. Түр хамгаалах байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Эцэг, эхчүүд та бүхэнд анхааруулж хэлэхэд бага насны хүүхэдтэй баяр наадам үзэж байгаа тохиолдолд Түр хамгаалах байрнаас аюулгүйн бугуйвч авахыг зөвлөж байна. Таны хүүхэд алга болох төөрсөн тохиолдолд аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллийг харан утсаар холбогдох юм.
Таны ойр орчимд хүүхэд төөрөх, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирвал Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, эсхүл ойр байгаа цагдаагийн алба хаагчид мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.