Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын баяр наадам хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Газар газрын 298 хурдан хязаалан төрийн наадамд тоосоо өргөхөөр бүртгүүлж, 184 нь гарааны зурхайгаас хөдөлснөөс Хөвсгөл аймгийн Бүрэн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүү барианд орлоо. Хонгор үрээний хувьд Наранхонгорын төл бөгөөд өмнө нь нэг ч уралдаж байгаагүй "битүү" үрээ гэнэ.
Хязаалан насанд,
Хөвсгөл аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүү магнай боллоо
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд аман хүзүү
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн айргийн гуравт
Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар айргийн дөрөвт,
Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр айргийн тавд тус тус орсон гэж Хурдан морины салбар комиссоос мэдээллээ.