Авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, цагдан хоригдоод байсан шүүгч Э.Халиунбаяр, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарыг суллах шийдвэрийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр гаргасан.
Авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарыг суллах шийдвэрийг гаргасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын хөрөнгө орлого маш учир битүүлэг байдлаар огцом өссөн байгааг та бүхэндээ хүргэж байна.
Тэрбээр 2017 онд хамгийн их орлого олсон шүүгчийн нэгээр нэрлэгдэж байв
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр 2017 онд 137,118,760 төгрөгийн орлого олсноор тухайн жилдээ хамгийн өндөр орлоготой ажилласан 8 шүүгчийн нэг болж байлаа. Тэр жил түүний гэр бүлийн хүн 93,447,100 төгрөгийн орлоготой ажиллажээ.
Б.Мөнхбаяр шүүгч 2 ширхэг нийтийн орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2 ширхэг өвөлжөө хаваржаа хүлэмжийн төрөлд багтах үл хөдлөхөө нийт 480 сая хэмээн үнэлж хөрөнгө орлогоо мэдүүлсэн аж.
Мөн 10,500,000 төгрөгөөр үнэлэгдэх 700 мкв газар, 30 саяын үнэтэй RAV-4 гэх дунд оврын жийп, 154,500,000 төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, бусдаас 43 сая төгрөгийн авлагатай, бусдад өгөх 100 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Б.Мөнхбаяр шүүгчийн гэр бүлийн орлого нь 88 саяар буурсан ч мөнгөн хөрөнгө нь 222 саяар өсчээ
Хамгийн их орлоготой шүүгчийн нэг хэмээн хэвлэлд бичүүлснээс болсон уу, Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр 2018 онд 36,937,030 төгрөгийн орлого олсон хэмээн өмнөх жилийнхээсээ 3.7 дахин буурсан хөрөнгө, орлогыг мэдүүлсэн байв. Харин эхнэрийнхээ жилийн орлогыг 104,666,000 буюу 11.2 саяар өсгөж мэдүүлсэн байх аж.
Гэвч авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарыг сулласан Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын хөрөнгө орлогын мэдүүлэгт анхаарал татсан хэд хэдэн зүйл байх аж.
Б.Мөнхбаяр шүүгчийн гэр бүлийн 2018 онд олсон орлого өмнөх оныхоосоо 88,962,830 төгрөгөөр буурсан байх атал, тэдний гэр бүлийн банкин дахь хадгаламжийн орлого нь 55,720,550 төгрөгөөр нэмэгдэж, бусдаас авах авлага нь 27 сая төгрөгөөр нэмэгдэж, харин 2017 онд бусдаас зээлсэн гэх 100 сая төгрөгийн зээлээ бүрэн төлж дуусгасан байв.
Мөн дэлхийн зах зээл дээр 72,800-262,000 ам.доллараар худалдаалагддаг мерседес бенц S350L маркийн автомашин худалдан авсныгаа ердөө 40 сая төгрөгийн үнэтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Уг машиныг Монголд ямар үнээр зарагдаж байгааг автомашины хамгийн том худалдааны сайт болох unegui.mn рүү орж харахад 2011 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд орж ирсэн нь л гэхэд 88 сая төгрөгийн үнэлгээтэй байх юм.
Б.Мөнхбаяр шүүгчийн гэр бүлийн жилийн орлого нь 88,962,830 төгрөгөөр буурсан байхад яаж 100 сая төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулж, хадгаламжийн орлогоо 55,720,550 төгрөгөөр нэмэгдүүлж, Монголын зах зээлд 88 сая, дэлхийн зах зээлд 237,182,800-696,658,000 төгрөгөөр зарагддаг машиныг 40 сая төгрөгөөр худалдан авсныг бодоод бодоод олохгүй байна.
Тэр их зөрүү мөнгийг үл хөдлөх хөрөнгөнөөсөө борлуулж олсон болов уу хэмээн нягталж үзлээ. Гэтэл Б.Мөнхбаяр шүүгчийн үйлчилгээний зориулалттай хоёр үл хөдлөх хөрөнгө, амьдардаг орон сууц хийгээд зуслангийн байшин нь тоо ёсоороо байж байгааг та харж байна.
Харин өвөлжөө, хаваржаа, хүлэмжийн ангилалд орох нэг газар хийгээд 10.5 сая төгрөгийн үнэлгээтэй байсан 700 мкв газар нь л хасагдсан байх аж.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Батбаярын Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 89 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгчээр томилогдсон хүн юм байна.