Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, аймгийн хурц арслан боллоо.
Сэлэнгэ аймгийн баяр наадамд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй 256 бөх барилдсанаас үзүүр, түрүүнд аймгийн арслан Н.Баярбаатар, аймгийн арслан Б.Орхонбаяр нар үлдэж, Б.Орхонбаяр хөмрөх мэхээр давсан юм.
Н.Баярбаатарын хувьд золгооноос бярдаж, мордох мэхийг сайн хийдэг бол, Б.Орхонбаярын хувьд сэрвүү барьцнаас сайн барилддаг онцлогтой бөхчүүд юм. Б.Орхонбаяр хувьд сүүлийн хоёр жил дараалан аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн, Улсын цолонд ойрхон бөх хэмээн сэлэнгэчүүд найдлага тавин хүлээж байгаа, 2000 онд төрсөн, 19 настай залуу бөх юм.