Боинг 737 Мах 8 загварын онгоцууд удаа дарааллан Индонези, Этиоп улсуудад осолдсонтой холбогдуулан компанийн зүгээс амиа насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Эдгээр ослын улмаас нийт 346 зорчигч амиа алдсан байдаг юм.
Компанийн зүгээс өгч байгаа мөнгийг хохирогчдын ар гэрийнхний боловсрол, амьдрах өртөг зардал, олон нийтийн хөтөлбөрүүдэд зориулна. Олон нийтийн байгууллага, муж дүүргийн захиргаа, ашгийн бус байгууллагуудтай хамтран тусламжийн сангаар дамжуулж ирэх жилүүдэд хохирогчдын гэр бүлийнхний нийгмийн сайн сайханд зарцуулна гэж Боинг мэдэгджээ.
Гэвч хохирогчдын гэр бүлийг төлөөлж байгаа хуульч өмгөөлөгчид уг шийдвэрийг няцааж байна. 100 сая ам.долларын сан ойр дотны хүнээ алдсан хохирогчдод тохиосон уй гашуу, гарз хохирлыг барагдуулахад хүрэлцээгүй, хэтэрхий доогуур үнэлсэн үнэлэмж хэмээн шүүмжилжээ.
Ослоор амиа алдсан долоон хохирогчийн ар гэрийг төлөөлөн ажиллаж байгаа Техасын өмгөөлөгч Номи Хусайны хэлснээр зарим гэр бүл мөнгөн тэтгэмж хүсэгүй байгаа гэв. Эдгээр долоон гэр бүл хуулийн дагуу 276 сая ам.доллар нэхэмжлэхээр болсон байна. Ослын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа тул нөхөн олговрын хэмжээ тогтоох энэ талаар арга хэмжээ авахад эртэдсэн шийдвэр гэж 23 хохирогчийн ар гэрийг өмгөөлж буй Роберт Клифорд мэдэгджээ.
Лион Эйр нислэгийн компанийн Боинг 737 онгоц 2018 оны 10 дугаар сард Жакартагийн ойролцоо осолдсоноос хойш таван сарын дараа Этиопийн Эйрлайнсын ET302 дугаар нислэгийн онгоц мөн осолдсон юм. Шинжээчид онгоцны хяналтын системийн доголдлоос болж ослууд гарсан гэж үзсэн ба Боингийн зүгээс комьпютер программ хангамжийг дахин шинэчлэхээр ажиллаж байна.
Удаа дараа гарсан ослоос хойш уг загварын онгоцуудыг дэлхийн нийтээрээ хэрэглээнээс хасч зогсоогоод байгаа. Одоогоор 737 Мах онгоцууд эргэн нисэх болон хэзээ нислэгт ашиглаж эхлэх зэрэг нь тодоройгүй үлдэж байна.
Эх сурвалж: www.bbc.com