Монголын дартс сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч М.Эрдэнийн гэр бүлийг www.livetv.mn сайтын “Хобби” буландаа урьж ярилцлаа.
Монголын дартс сонирхогчдын холбоо (цаашид МДСХ гэх.Сур) нь анх 5-6-хан тамирчинтай тэмцээн зохион байгуулдаг байсан бол өдгөө 16 самбартай, сар бүр дунджаар 100 тамирчин өрсөлддөг, тэргүүлэх холбооны нэг болж чаджээ.
Сурвалжилга маань МДСХ-ны арван жилийн ой тохиож буй энэ цаг мөчид өрнөж байна. Монголд дартсын спорт хэрхэн үүсэж хөгжсөн болон үүнд М.Эрдэнэ болон түүний гэр бүл хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа түүхийг хамтдаа мэдэцгээе.
Урагшаа!
М.Эрдэнийн гэр бүлтэй ярилцахаар гэрт нь очлоо. Хоёр давхар байшинтай под хийтэл төвхнөсөн энэ гэр бүл, голомтоо бадраагаад 20 жил болж байгаа гэнэ.
Гэрийн эзэн М.Эрдэнэ, гэргий С.Мөнгөнчимэг нар Улиастайд танилцсан ба “Эрдэнэ анх надтай танилцахдаа л дартсын самбар сугавчлаад явж байсан. Манай зуны байшингийн хананд өнөөхөө зоогоод ах, эгч бид нарт зааж өгч байсан” гэж хуучиллаа.
М.Эрдэнэ дартсын ОУХМ цолтой, дартсын спортын Монголын анхны олон улсын шүүгч. “Би хоббигоо ажил болгосон азтай хүн. 25 жил энэ спортоос салаагүй явж байна” гэлээ.
Гэргий С.Мөнгөнчимэгийн хувьд дартсын гуравдугаар зэрэгтэй, дартсын цол зэргийн комиссын нарийн бичгийн дарга албатай.
М.Эрдэнийх дөрвөн хүүхэдтэй, хоёр охин, хоёр хүүтэй. Хүүхдүүддээ Монгол улсын Төрийн дууллын үгийг бодож нэр хайрласан гэнэ.
Том охин Э.Энхжин Дартсын спортын дэд мастер цолтой. Том хүү Э.Мөнхжин Өсвөрийн улсын аваргын хүрэл медальт, “Бээжин-2019” олон улсын тэмцээний аварга. Хоёрдугаар ангийн сурагч, бага хүү Э.Батжин нь “Аав, ээж, би” тэмцээний мөнгөн медаль хүртжээ.
Бага охин Э.Алтжин цэцэрлэгт явдаг ба “Би өөр хүн шүү” гэж хэлдэг ганц хүн нь боловч, “Удахгүй дартсаар хичээллэх нь гарцаагүй” гэж ээж нь хошигнон хэлж байлаа.
“Хүргэн маань манай гэр бүлийн хамгийн муу тоглогч” хэмээн гэрийн эзэн М.Эрдэнэ цаашлуулахаа мартсангүй.
Монголын дартсын холбоог З.Болдбаатар агсан 1993 онд байгуулжээ. Тухайн үеийн төр засгийн (МАХН-ын.Сур) бодлого, шийдвэрээр залуусыг байлдан дагуулах шинэлэг спортын төрлийг нэвтрүүлье гэсний дагуу дартс, пүүл биллярд зэрэг спорт Монголд эрчтэй нэвтэрсэн бололтой юм.
Дартсын спортыг Нарантуул захад (хуучнаар Дэнжийн 1000 бараан зах.Сур) үүссэн гэж хэлдэг нь үнэний ортой.
З.Болдбаатар агсан 1993 оны хавар МҮЭХ-нд ажиллаж байсан Б.Бат-Өлзийд (Дартсчид Өлзий ах хэмээн хүндэтгэн дууддаг.Сур) хэдэн самбар, сум өгөөд “Чи энэ спортыг Монголд түгээж, олон нийтэд дэлгэрүүлэх хэрэгтэй байна” гэжээ.
Ингээд, “Зайтайгаар нь хангайгаа бараадъя” гэж “Гарьд магнай” кинонд гардагчлан “Хүн хөл ихтэйгээр нь хар захаа бараадъя” хэмээн сэтгэж, Дэнжийн 1000 болон Цайз зах руу хэдэн самбар, сумаа аваад гарчээ. Ундааны цех ажиллуулж, ундаа зардаг багачуулд ч самбар, сумаа өгч дэлгэрүүлж байсан байна.
Дартс шидэх албан ёсны зай 2м37см байдаг. Гэтэл тэд эхэндээ 10-20м-ийн холоос шиддэг байсан нь гэнэ. Дүрмээ тодорхой мэдэхгүй тул өөрсдөө зохиож, хүн бүр 20 төгрөгийн бооцоо тавьж, гурван сум талбих ба хамгийн өндөр оноо авсан нь бооцооны мөнгөний 70 хувийг ганцаар хүртэж, тоглуулж буй хүн 30 хувийг авдаг байж. Тоглуулагч хөөрхөн ашиг олдог байсан бололтой.
Энэ тухай М.Эрдэнэ “Харанхуйд ч шиднэ. Чимээгүй бол самбараа оносон. Пад гээд дуугарвал гадуур. Самбараа модон дээр зоодог байсан учир чимээгээр нь оносон, оноогүйгээ мэддэг, гүйж очоод гэрэл тусган хардаг байлаа” гэж дурслаа.
М.Эрдэнийн дартстай танилцсан түүх сонин. Тэрээр Төв аймгийн Эрдэнэ суманд тѳрсѳн Зуунмод сумын уугуул. Долдугаар ангид сурч байх жил буюу 1994 оны тэр нэгэн өдөр сургуулиа тараад явж байтал хашааны буланд хэдэн хүн овоорсныг сонирхон очвол, дартс хэмээх сонин хачин тоглоомоор наадаж байсан аж. Тэр үедээ сониучирхаж хараад өнгөрч.
Дараагийн удаад 100 төгрөг халаасалж (Ногт ганзагалж, наадамд очдог шиг.Сур) очсон ба эхний тоглолт дээрээ 50 цаасаа алдсан ч хоёр дахь дээрээ 450 болгон үржүүлсэн нь жаалхүүг хагартал баярлуулжээ. Хоёр ахтайгаа шүдэнзний модыг багцалж утсаар ороон, голд нь зүү хийж сум үйлдвэрлэн, дээр нь оноо зурсан цаасаа эмээгийн авдар дээр нааж, шүүрэн шанага болгож явсан гэнэ. “20-иод хүн, хүн тус бүр 50 төгрөг тавьж тоглосон санагддаг. Хожсон мөнгөөрөө гэртээ тор дүүрэн идэх юм аваад харьж байсан” хэмээн дурслаа.
Тэр жилээ Аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн нь урмыг нь жинхэнэ ташуурджээ.
Ахынхаа арьс, нэхий авдаг ажлын гар хөлийн үзүүрт зарагдаж, долоо хоногт 2-3 удаа хотод орж ирэн Цайзад тушаадаг байхдаа нэг удаа 14600 төгрөгөө шулуулаад, автобусны ч мөнгөгүй үлдэж, Цайзаас Дэнжийн 1000 хүртэл алхаж явахдаа дартс тоглуулбал “Мөнгө олж болох юм байна” гэж сэтгэсэн гэжугаа. Цайзын үүдэнд одоогоор бол мэргэжлийн гарууд тоглодог байсныг балчир жаал яаж мэдэх билээ.
Аймгийн “Ургац” заалны үүдэнд түүхий эд авангаа дартс тоглуулна. Мэргэжлийн эдлэл хэрэглэл нүдний гэм тул гараар хийсэн сумандаа тугалга цутгаж хүндрүүлдэг, хөөсөнцөр дээр зэс утсаар онооны гортиг хийж самбар үйлдвэрлэн тоглуулдаг байснаа дурслаа. “Төв аймгийн Эрдэнэ” хэмээх нэртэй болоод байсан М.Эрдэнэ 1996 онд Аймгийн аварга болж, 10-р ангиа тѳгсѳн хот бараадсанаар аймагт дартс тоглуулдаг нь өндөрлөжээ.
1994 оноос үндсэндээ бүх аймагт дартс тархсан байна. Гэхдээ мэргэжлийн утгаараа биш, мөнгө олох хэрэгсэл мэт ойлголттой дэлгэрсэн ч дартс түгэн дэлгэрэхэд их хувь нэмэр оруулсныг үгүйсгэх аргагүй юм.
Монголын анхны дартсын клуб “Үйзэн” байгуулагдав. Анхны УАШТ 1994 онд болж, анхны улсын аваргаар Х.Батбаяр тодорч байжээ. Анхдагч түүхэнд үлддэг.
Улмаар 1995 онд Лу.Эрдэнэбат, 1996 онд Ш.Ганзориг, 1997 онд Б.Ганхуяг нар түрүүлж, улсын аварга болжээ. Гэвч 1997 онд МДХ-ны Ерөнхийлөгч З.Болдбаатар нас барснаар УАШТ завсарлаж, холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, үндсэндээ албан ёсны ямар ч тэмцээнгүй болжээ.
Тухайн үедээ дартсчид дартс тоглуулаад, чамгүй мөнгө олдог байжээ. Шинэ тулгар спорт тул хүмүүс ч баланд дурлах баавгай шиг хорхойтон хошуурч байж. 1997-1998 онд “Дартс тоглуулж олсон мѳнгѳѳрѳѳ өнгөт JVC зурагт (Тухайн үед өнгөт зурагттай айл тоотой хэдхэн байв.Сур) худалдан авч, найр хийж байсан хүн ч бий.
“1996 оны зуныг их тод санадаг. Дэнжийн мянгын Захын хашаагаар ороод дээш ѳгсѳхѳд, хоолны вагончиг дээр зоосон самбарууд дээр дартсын сум мөндөр шиг сархийн бууж байсан. Тоглуулдаг хүн ч олон болсон байсан” гэж энэ үеийн тухай М.Эрдэнэ дурслаа.
М.Эрдэнэ 1996 онд арван жилийн сургуулиа төгсөөд хотод хоёр жил дартс тоглуулжээ. Уг нь сурлага муугүй байж. Наймдугаар ангийн хэмжээнд нэгт, аравдугаар ангийн суралцагчдаас сурлагаар зургаад жагсаж байсан аж. Хожим их сургуультайгаа нийлээд нийтдээ 14 жил ангийн дарга хийсэн гэж байгаа.
“Дэнжийн мянга”-н зах дээр хоёр жил өнжжээ. Өвөлдөө модон байшинд гал түлээд Б.Бат-Өлзий ахтайгаа дартсаа тоглуулдаг байсан тухайгаа М.Эрдэнэ дурслаа. Тэр үед хожмоо Монгол улсын гурван удаагийн аварга болсон Ц.Баатар эгчийнхээ шубыг нь зууханд түлж явсан гэмтэй гэнэ. Өдөр нь дартсаа тоглуулчаад Өлзий ах болон хэсэг нѳхдийн хамт Сансарт орших “Үйзэн” клубийнхээ байрандаа хонодог байж. “Энэ үе амьдралын мартахын аргагүй үе минь байлаа” гэсэн юм.
Гэвч цаг цагаараа байхгүй гэдэг дээ. Өөрсдөө байнга хожоод байхаар сүүлдээ мөнгөө тушаах хүн олдохоо байж, сургуульд орох хүсэл ч дийлж оюутан болжээ.
Хуульч болно гэж хатуу шийдсэн байсан тул 1998 оны хавар “Отгонтэнгэр” их сургуулийн хуулийн ангид шалгалт өгөв. Гэтэл 30 хүүхэд авахаас 31-д орсон байна. Ээж нь сургуулийн удирдлагатай холбогдон, “Намар ирээрэй” гэсэн хариу авчээ. Намар сургуульд орохоо хүлээн байтал сургуулиас дуудан, жижүүрийн ажил санал болгосон байна. Уухайн тас зөвшөөрөхгүй хаачих вэ.
Ийнхүү “Отгонтэнгэр” их сургуулийн жижүүр болсноор хожмоо оюутан болсон хойноо ч ажилчин шиг нь хүн бүртэй ахаа, эгчээ болон дундаа орж явсан байна.
Хүсэн хүлээсэн намар болов. Хуулийн ангидаа орох гэтэл сургуулийн захирал “Хуулийн хоёр анги маань дүүрсэн, чи ерөөсөө хятад хэл, сэтгүүлчийн ангийн аль нэгийг сонго” гэж тулгажээ. Тулгалтад орсон М.Эрдэнэ сэтгүүлч болох сонирхолтой байтал “Хөх угалз” оёдлын үйлдвэр (Монголын анхны дартсын хувцсыг үйлдвэрлэсэн үйлдвэр.Сур)-ийн захирал Н.Ганбаатар ах нь “Муу үндэстэн гэж байж болно. Харин муу хэл гэж байдаггүй юм. 21-р зуун Хятадын зуун болох гэж байна. Хятад хэл сур” гэж хэлснээр амьдралын замыг нь зааж өгчээ.
Ингэж хятад хэлний ангийг сонгон, суралцсан нь буруудсангүй. Эхний хичээл дээр хятадаар хоёр үг сурч аваад хашааныхаа хойно амьдарч байсан ногоочин хятадуудтай ярилцаж, дадлага хийдэг байсан гэнэ. 2002 онд тѳгссѳн жилээ Их засаг их сургуульд шалгалт ѳгѳн тэнцэн жил гаруй багшилж, улмаар хятадын тээвэр зуучийн компанид менежерийн алба хашаад, 2006 онд тээвэр зуучийн компани байгуулж байсан М.Эрдэнэ одоо хувиараа тээвэр, зуучийн бизнес эрхлэн, амьдрал ахуйгаа авч явж байна.
Олон улсын тэмцээнүүдэд, тэр дундаа БНХАУ руу олон удаа тэмцээнд оролцож, баг хамт олондоо нүд, чих болж явдгаараа тэр бахархдаг. Тэрээр хятад, орос, англиар ѳлхѳн хоолоо олж идээд, замаа олоод явчихна гэнэ шүү...
Дартсын буян их ээ!
Татан буугдсан спортын холбоодын нэрийг зурагтаар ил тод зарладаг үе байлаа. Тэгтэл 2000 онд хасагдсан холбооны дотор Монголын дартсын холбооны нэр орсон байхыг үзэх нь тэр. “Хараад уйлмаар санагдаж байсан” гэж тэр үеийн тухай М.Эрдэнэ шүүрс алдан ярилаа.
Хэдийгээр 1999 онд Өлзий ах болон Дартсын нѳхѳдтэйгѳѳ хамтарч, ”Монголын дартсын нийгэмлэг” гэж байгуулан Монголын бүх ард түмний спартикадад дартсын спортоо оруулан зохион байгуулалцаж явсан ч боловч татан буулгахаас өөр аргагүй болсон байна.
Албан ёсны тамга, тэмдэггүй гээд бууж өгсөнгүй. 2006 оноос “Монголын дартсын мастер тѳв”-ийг байгуулан сар бүрийн чансаа олгох тэмцээнийг тогтмол зохион байгуулж иржээ.
2009 оны хавар Б.Биндэръяа гэдэг залуу уулзахыг урин “Би орос, англи хэлтэй. Дартсыг хөгжүүлэх чинхүү хүсэлтэй” гэхээр нь “За чи, дартс гэсэн үг орсон холбооны тамга аваад ир” хэмээн явуулсан байна.
Хэдхэн сарын дараа Монголын анхны дартсын улсын аварга Х.Батбаярын уламжилснаар төрсөн дүү, Англид таван жил амьдарсан Х.Одбилэгтэй уулзаж мѳн л “Дартс гэсэн үг орсон холбооны тамга аваад ир” гэдэг хэлдэг үгээ хэлжээ.
Гэтэл гайхамшиг тохиож, Х.Одбилэг хэсэг хугацааны дараа Монголын дартс сонирхогчдын холбооны тамга, тэмдгийг авчирсан байна. Ингэж 2009 оны 10 сарын 14-нд МДСХ байгуулагдаж, МҮОНТВ-ийн спортын албыг дуудаж, МДСХ үүсэн байгуулагдсаныг зарласнаас хойш, арван жил өнгөрчээ.
“Энэхүү 10 жилийн хугацаанд самбараа тэврээд маш олон тѳрийн болон тѳрийн бус байгууллагуудын дунд дартсаа таниулан явснаар үндэсний хэмжээнд хѳгжүүлэх зорилго маань биелсэн гэдэгт итгэлтэй байна” гэж дурслаа.
Сар бүрийн чансаа олгох тэмцээн зохион байгуулахад 20-иод тамирчин ирдэг болчихсон байсан үе буюу 2010 оны наймдугаар сард Дорноговь аймгийн нутагт орших Хүслийн хар ууланд очиж мөргөхдөө Х.Одбилэг, Н.Элбэгсайхан нартайгаа зэрэгцэж зогсоод “Бид олон улсын тэмцээнд ормоор байна, Эх орныхоо нэрийг гаргамаар байна” гэж цуурайтуулан хашгирч байснаа М.Эрдэнэ дурсах дуртай.
Тэр үед Х.Одбилэг Дэлхийн дартсын холбооны тэмцээнд оролцох тухай захиа илгээдэг байснаас биш дэлхий дээр дартсын гурван холбоо байдгийг бүгдээрээ мэддэггүй байжээ. Гэтэл нэг өдөр хариу ирж, Олон улсын дартсын холбооноос Шанхай хотноо Совт дартсын Дэлхийн цомын тэмцээнд оролцох урилга иржээ.
Хүслийн уул хүслийг нь сонсжээ.
Ингэж тэд 2010 оны 11 сард 14-үүлээ анх удаа олон улсын тэмцээнд явж, хилийн дээс алхаж, юм үзэж нүд тайлсан байна. Тус тэмцээнд 5 жил дараалан оролцжээ.
Олон улсын тэмцээнээс хойш холбооны үйл ажиллагаа илт сэргэж АПУ ХК-иар ивээн тэтгүүлэн, “Боргио кап” анхны багийн тэмцээнийг бүтэн жил зохион байгуулжээ.
М.Эрдэнийн гэр бүлийг дартсаар “нүдэн дээр баяжаад байна” гэж зарим хүн ярьдаг нь тэндэнд их билэгшээлтэй зүйл гэнэ. Чухам юуг нь олж хараад, тэгтэл баяжсан гэж бодсоныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л ѳнѳр ѳтгѳн, инээд хѳѳртэй, ярих яриатай аргагүй л баян хүн юм. Харин гэргий С.Мөнгөнчимэгийн чин үнэнээ хэлснээр бол “Хэрэв бид дартсаас өөр зам сонгосон бол ёстой баяжих байсан” гэдэг нь үнэн байх.
Бизнес хийж, ашиг олох гэж бус, хөгжүүлэх гэж М.Эрдэнэ өнгөрсөн жилүүдэд нөхдийн хамт тууштай явжээ. Холбоогоо хѳгжүүлж спортоо сурталчлахын тулд “Монголын шилдэг 100 аж ахуйн нэгж” хэмээх номонд орсон бүх аж ахуйн нэгжтэй уулзалт хийж явсан үе бий гэнэ. Заримдаа автобусны мөнгөгүй болохоороо багш ажилтай эхнэрээсээ хэдэн цаас гуйхаас аргагүй болдог байж.
“Өвлийн хүйтэнд уулзалт хийхээр цэвэрхэн, дулаан оффист ороход гаднаас даарч орж ирсэн хүний нүүр, ам дулаацаад улайгаад л “баригдана”. Том, том юм ярьсан улс байж машин ч байхгүй, гаднаас хөлдөж үхэх гэсэн улс орж ирж байна гэж тухайн үед боддог байсан байх. Х.Одбилэг бид хоёр эхний ээлжинд их л алхсан, дараа Н.Элбэгээ ахтайгаа таарч хѳл залгах унаатай залгасан” гэж тэр үеийн тухай М.Эрдэнэ ярив.
Бусдаас гуйгаад нэмэргүйг ойлгон Оюутолгойд ажлын байрны ярилцлагад ортол, тэнцэж, “Маргааш гэхэд яв” гэж сандаргажээ. Энэ бол хятад хэл сурсны ач гэж боддогоо нуусангүй.
Оюутолгойд 2011 онд ажилд орж, гурван жил ажиллахдаа олон сайхан дурсамжийг бүтээжээ. Хоёр дахь сарын цалингаараа дартсын хэрэгсэл захиж авчруулан тамирчдынхаа хэрэгцээг хангахад зориулж. “Цагаан сараар золгохоор ирсэн дартсчдадаа шилбэ, дэлбааг чинь атгаад өгөөд дуусгасан даа” гэж гэргий С.Мөнгөнчимэг нь өгүүлэв.
Цалин сайтай байсан тул тэмцээнд явахдаа онгоцыг сонгодог. Тамирчидтайгаа жаргал зовлонгоо хуваалцаж, амжилт гарган явсан нь жаргал гэнэ. Оюутолгойд ажилласан хугацааны авсан цалингийн дийлэнхийг нь дартсдаа зориулаад дуусгажээ. 100 ширхэг самбар, хэрэгсэл авчраад ихэнхийг нь бусдад тарааж өгч байсан тохиолдол ч бий гэнэ.
Энэ үгийг М.Эрдэнийн гэргий С.Мөнгөнчимэг хэлсэн юм. Ялангуяа Монгол шиг хүн ам багатай оронд бүр ч боломжгүй гэнэ. Бөөндөж авснаа жижиглэж зардаг тул хуримтлал үүсгэх боломжгүй, тэгс ингэс гээд үрээд дуусгадаг гэж зовлонгоо ярилаа.
С.Мөнгөнчимэгийн хувьд “Засагт хан” дээд сургуульд гэрээт багшаар зургаан жил ажиллаад, 2014 он хүртэл дунд сургуульд багшилжээ. Ингээд 2015 онд багшийн ажлаа орхиод нөхрөө дэмжин, Монголд дартсын спортыг хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж байна.
-”Надад хоёр сонголт л үлдсэн. Нэг бол нөхрөө тултал дэмжих, эсвэл салах. Би эхнийхийг сонгосон. Бид хоёр ханилаад 20 жил болж байна. Заримдаа би ямар үйлийн үрээр М.Эрдэнэтэй учрав даа. Энэ хүний хоббины төлөө бид тав золиосонд явж байна гэж боддог байсан ч одоо бол бидэнд ухрах зам байхгүй. М.Эрдэнэ хаа хүрнэ, бид тэр хүртэл явна. Дартс гэж яваагүй бол хагартал биш юмаа гэхэд дунджаас дээгүүр түвшинд амьдрах боломж бидэнд байсаан” гэж ярилаа.
2011 он хүртэл тэмцээн, уралдаанд гэрээсээ ганцаараа л явдаг. Эхнэрээ энэ спортод татан оруулах бодол толгойд нь орж ч байсангүй.
Эмэгтэй тамирчин гээд байх юм бараг байхгүй, ганцхан Ц.Баатар эгч л байж. Иймд Бизнетворк.мн сайт дээр “дартс” гэж буланг 2010 онд нээсний хүчээр таван эмэгтэй тамирчинтай болжээ. Ингээд арай гэж цуглуулсан таван хүүхнээ алдчихгүйн тулд байнгын уралдаан, тэмцээнд орж, цуг зугаалганд явж, чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлж, амьхандаа л их асарч, тойлдог байж.
Нэг удаа тэмцээн дууссаны дараа нөгөө хэдтэйгээ караокедэж байтал нэгнийх нь эхнэр хашгираад ороод ирсэн гэнэ. Нөхрөө янз бүрийн хүүхнүүдтэй “яваад” байна, газар дээр нь гардлаа гэж хардаж л дээ. Яг орж ирсэн тэр агшныг М.Эрдэнэ дурсахдаа “Далайсан гарыг хараад би дотроо “Эврика!” гэж бодсон. Бид нар эхнэрүүдээ энэ спортод оруулах ёстой юм байна шүү дээ гэдгийг тэгэхэд ойлгосон” хэмээн дурслаа.
Ингээд найзуудтайгаа хэлэлцэн, эхнэрүүдээ “уруу татах” аян явагдаж эмэгтэй тамирчдын тоо эрс нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн “Хулан” клуб нээгдэн найман жилийн ойгоо энэ жил тэмдэглэжээ.
М.Эрдэнэ тамирчидаа дагуулан, дэлхийн хэрэн жилдээ дунджаар найман олон улсын тэмцээнд оролцон явсан ба 2013 оноос “Яагаад би өөрөө тоглож болохгүй гэж!” хэмээн боджээ. Ингээд тэр жилээ Хонгконгийн Олон улсын тэмцээнээс Д.Эрдэнэчимэг аваргатайгаа Монголын анхны АВАРГА хэмээх цомыг авчиржээ. Түүний хамгийн хайртай шагнал нь энэ гэсэн. Тэрээр “түрүүлэх нь гол биш, хамгийн шилдэг ангилалд нь тоглоё гэж боддог” хэмээн өгүүллээ.
Учир нь, олон улсын тэмцээн дунджаар 300 орчим самбар дээр зэрэг, зэрэг явагддаг ба дотроо олон ангилалтай байдаг тул М.Эрдэнэ аль болох зиндаа дээшилж, тоглохыг эрмэлздэг байна. Улмаар 2017 онд Монгол улсын аварга болж, ОУХМ цолоо гардан авчээ.
Одоо Монголын дартсчдаас Дэлхийн цомын аварга, ОУХМ Д.Эрдэнэчимэг Азидаа наймд, дэлхийн эмэгтэй чансааны 23-т явж байна. Эрэгтэй багийн хувьд Азийн шилдэг арван багт тооцогдож байна. Морь унадаг хүмүүсээр төсөөлж байсан монголчууд одоо хаана ч очсон тамирчдын зүрхэнд шар ус хуруулдаг болжээ.
М.Эрдэнэ ба түүний гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь үүний төлөө л өдий олон жил “Итгэл, сэтгэл, зүтгэл”-ээ зориулж байна.
Эцэст нь би ингэж асуусан юм. Тэгэхэд М.Эрдэнэ “Дартсгүйгээр би өөрийгөө төсөөлж чаддаггүй. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн нь энэ спорт. Би найзууддаа “Миний дартс” гэж хэлдэг. Арван жилийн өмнө олон улсын тэмцээн зохиох, хамгийн олон самбартай клуб байгуулахыг мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөлдөө хүрсэн. Одоо дэлхийн АВАРГЫН тайзан дээр тоглохыг мөрөөдөж байна” гэлээ.
Дартсын спорт дэлхийд хурдацтай хөгжиж байна. Дэлхийн аваргад оролцохын тулд Азийн зургаан оронд зохион байгуулагдах тэмцээн оролцон, эхний дөрвөн байрын аль нэгийг эзэлж гэмээнэ эрхээ халаасална. Манай тамирчид ур чадварын хувьд хаана ч гологдохгүй ч тэр олон орноор явж, тэмцээн уралдаанд оролцох санхүүгийн боломж хомс, байнгын ивээн тэтгэгчгүй учир дэлхийн аваргад оролцож, амжилт гаргахад хүндрэлтэй байгаа аж.
“Дартс тоглодог хүүхдүүд их дѳлгѳѳн, тайван, сэтгэлийн хэт хѳдлѳлгүй, гэхдээ зоримог, шийдэмгий, үнэнч, ѳнчин тархи асар ѳндѳр түвшинд хѳгжсѳн, ой тогтоолт сайтай болдог бол хөгшчүүлийн хувьд оюун ухааны маш сайн массаж болдог” гэдгийг М.Эрдэнэ онцлоод,
-Дартс бол сэтгэлзүйн спорт. Өөртөө итгэлтэй байж, зоримог, дайчин тоглож байж амжилт гаргана. Муу муухай юм бодвол амжилт гаргахгүй. Шударга бус байвал амжилт гаргахгүй гэж хэллээ.
Мѳн Монголын дартсын спортын хѳгжүүлэх үйлсэд хамтран мѳр зэрэгцэн зүтгэж яваа найз нѳхѳд тусалж дэмждэг компани аж ахуйн нэгжүүд та бүхэндээ маш баярлаж явдагаа илэрхийллээ.
Дартсыг бизнес, мөнгө олох хэрэгсэл болгон эдлэл хэрэглэлийг өндөр үнээр зарахыг тэр таашаадаггүй тул хамгийн чанартайг, хамгийн хямд үнээр санал болгодог “Cuesoul” брэндийн дартсын хэрэгсэл оруулж ирэн, борлуулж байгаагийнхаа дээжээс надад бэлэг болгон өглөө.
Сэтгэлийн бэлэгт нь талархахын сацуу “Дартс чамд ямар ашигтай юм бэ гэхээсээ илүү дартс чиний гэр бүлд ямар ашигтай юм бэ гэж бодох ёстой” гэж хэлсэн М.Эрдэнийн үг санаанаас нэг хэсэгтээ гарахгүй байсныг төгсгөлд нь тэмдэглэхийг хүсэж байна.
М.Эрдэнэ болон түүний гэр бүл дартсыг Монголд хөгжүүлэх тусгай даалгавартайгаа энэ ертөнцөд ирээд, замынхаа эхэн хэсэгт явж байх шиг.
Амьдрал ямар ч байсан, хоббигоо орхихгүй л байхад амьдрал сайхан болно. Тэгж санагдахгүй байвал та энэ сурвалжилгыг эхнээс нь уншаарай.