Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ.
"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна.
"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.
№488 The Cure, ‘Just Like Heaven’
"The Cure" хамтлаг нь 1976 онд Англи улсад байгуулагдсан цагаасаа хамтлагийн ахлагч Роберт Смитээс бусад гишүүд нь маш олон удаа солигдож байсан юм. Олон гишүүд уг хамтлагт орж, гарч байсан шиг хамтлаг рок хөгжмийн маш олон урсгал чиглэлээр уран бүтээлээ туурьвиж байжээ. Тухайлбал Готик рок, Дарк вэйв, альтернатив рок, Ню вэйв, Пост Панк урсгалаар тоглодог байжээ. 1979 онд гаргасан "Boys Don't Cry" дуугаараа пост-панк, ню вэйв, панк рок урсгалын давлагааг АНУ-д мэдрүүлж чаджээ. The Cure хамтлагийн "Just Like Heaven", "Lovesong" болон "Friday I'm in Love" дуу нь Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтад багтаж 27 сая цомог борлуулжээ. Дашрамд сонирхуулахад "The Cure" хамтлагийг 2019 онд "Рок Н Роллын хүндэтгэлийн танхим"-д залах болжээ.
‘Just Like Heaven’
Энэхүү дуу нь "The Cure" хамтлагийн 1987 онд гаргасан "Kiss Me, Kiss Me, Kiss Me" цомогт багтсан бөгөөд хожмоо энэ дууг маш олон хамтлаг дуучид дахин сэргээж дуулах болгондоо хит болж байсан нь энэ дууны чанар чансааг илтгэж буй хэрэг бизээ. Тухайлбал 2005 онд уг дууны нэрээр нэрлэгдсэн романтик, инээдмийн "Just Like Heaven" киноны дууг Кети Мелоу дуулсан нь тухайн үедээ бас л хит болж байлаа.