53 уран бүтээлч Металликагийн дууг эгшиглүүлнэ
53 уран бүтээлч Металликагийн дууг эгшиглүүлнэ

"Enter Sandman", "The Unforgiven", "Nothing Else Matters", "Wherever I May Roam", "Sad but True" эдгээр дуунуудын нэрийг уншсан даруйд танд аялгуу нь сонсогдох болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

Энэ бол мэдээж Металлика хамтлагийн 30 жилийн тэртээ гаргасан алдарт "Metallica" цомгийн супер хит дуунуудын нэр юм. Сонсогчдын нэрлэж заншсанаар Металликагийн "хар цомог" 1991 оны наймдугаар сарын 12-ны өдөр худалдаанд гарч байсан түүхтэй. Тус цомгийн 30 жилийн ойд зориулан энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр хоёр том цомог худалдаанд гарахаар болжээ. Эхний цомог нь "Metallica" цомгийн дахин мастер хийсэн хоёр пянз, компакт диск, хуурцаг бүхий цогц цомог бол нөгөө цомог нь долоон пянз, дөрвөн компакт дискнээс бүрдэх 53 уран бүтээлчийн ковер цомог юм. 

Ковер цомог нь "Metallica" цомгийг бүрдүүлдэг 12 дууг 53 уран бүтээлчид өөр өөрсдийн урсгал жанраар ковер хийн бичүүлсэн цомог юм. Эдгээр уран бүтээлчдийн дунд монголын "The Hu" хамтлаг багтаж байгаа тэд алдарт "Trough The Never" дууг ковер хийжээ. Өнгөрөгч онд "The Hu" хамтлаг мөн энэ цомгийн "Sad but True" дууг хүннү рок урсгалаар ковер хийн дуулсан нь үзэгчдийн таашаалд ихээхэн нийцэхийн сацуу Металлика хамтлагийн зүгээс тэднийг цомогтоо урих шалтгаан болжээ. 

Цомгийн сурталчилгаа цацагдаад эхэлсэн ба дуучин Майли Сайрус, Элтон Жон, морин хийлч Ёо Ёо Ма нар хамтран "Nothing Else Matters" дууг ковер хийн бичүүлсэн нь бас л тансаг болжээ. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл