www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Beatles, 'Abbey Road'
Гарсан он: 1969 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 47:03
Лэбэл: Apple
Алдарт "Abbey Road" цомог нь Битлз хамтлагийн 11 дэх студийн цомог бөгөөд уг цомгийн бичлэгт Битлз хамтлаг хамгийн сүүлийн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байдаг. Хэдийгээр 1970 онд гаргасан "Let It Be" цомог нь "Битлз" хамтлагийн хамгийн сүүлчийн цомог хэдий ч уг цомогт орсон дуунууд нь "Abbey Road" цомог гарахаас өмнө бичүүлсэн байсан юм. "Abbey Road" цомгийг алдарт "Apple Records" студид 1969 оны хоёрдугаар сараас наймдугаар сар хүртэл нийт зургаан сарын хугацаанд бичсэн ба бичлэгийн эхэн үед хамтлагийн уур амьсгал хэвийн, эрч хүчтэй байсан хэдий ч бичлэгийн төгсгөлд гишүүд хоорондын харилцаа илт муудсан байдаг. Цомог худалдаанд гарсны дараахан нь Жон Леннон хамтлагаасаа гарчээ.
"Abbey Road" цомог АНУ-д 1969 оны 10 сарын 1-ны өдөр худалдаанд гарсан ба уг цомгийн супер хит дуунууд болох "Something" болон "Come Together" дуунууд нь Биллбоардын хит жагсаалтыг тэргүүлсэн байна.
Цомгийн хавтасны дизайныг "Apple Records" студийн дизайнер Кош бүтээсэн бөгөөд хамтлагийн нэр, цомгийн нэрийг цомгийн хавтсанд оруулаагүй цорын ганц цомог болсон байна. Энэ талаар Кош тайлбарлахдаа: "Бидэнд хамтлагийн нэрийг хавтсан дээр бичих шаардлага байгаагүй, учир нь тэд энэ дэлхийн хүн бүхний мэдэх хамтлаг шүү дээ" хэмээн тайлбарласан байна.
Уг цомогт багтсан дуунууд нь алгасаж сонсож боломгүй бүгд гайхамшигтай дуунууд хэдий ч энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд алдарт "Come Together" дууг онцлон дууг сонгон толилуулж байна.