www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Prince and the Revolution, 'Purple Rain'
Гарсан он: 1984 он
Төрөл: Рок, Поп, R&B
Үргэлжлэх хугацаа: 43:51
Лэбэл: Warner Bros
Америкийн алдарт дуучин Принцийн 1984 онд гаргасан "Purple Rain" цомог бол түүний студийн зургаа дахь цомог байлаа. Тэр ч бүүх хэл дуучин Принц анхныхаа рок хөгжимт драммын кинондоо тоглосон нь "Purple Rain" байлаа. Энэхүү киног шүүмжлэгчид хамгийн агуу хөгжмийн кино хэмээн тодорхойлсон байдаг ба оскарын наадмаас "Purple Rain" дуугаараа шагнал хүртсэн нь бий.
Харин цомгийн тухайд "Биллбордын шилдэг 200" жагсаалтыг тэргүүлсэн Принцийн анхны цомог юм. Бүтэн 24 долоо хоногийн турш тэргүүлж 122 долоо хоног буюу 854 хоногийн турш энэ шилдгүүдийн жагсаалтад багтсан супер цомог юм. Дэлхийн даяар 25 сая хувь борлуулагдсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгуудын нэг болохыг нь тодорхойлох гол үзүүлэлт юм. Тэр ч утгаараа Греммигийн алдрын танхимд "соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой цомог" нэрийн дор заларсан нь бий.
'Purple Rain' цомгийн эхний сингл болох ‘When Doves Cry’ дууг манай сайт өмнө нь "Бүх цаг үеийн шилдэг 500" жагсаалтаар танилцуулж байсан байлаа. Харин өнөөдөр цомгийн нэрээр нэрлэгдсэн 'Purple Rain' дууны тухай өгүүлэхэд энэ бол түүний нэрийн хуудас болсон дуунуудын нэг юм. Энэхүү дуутай холбоотой нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд 2007 оны Super Bowl завсарлагааны шоуны үеэр Принс 'Purple Rain' дуугаа дуулсан ба цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ нил ягаан өнгөөр гэрэлтэж байлаа. Харин яг тухайн үед жинхэнээсээ бороо орсон нь (Purple Rain дууны нэрийг монгол хэлнээ орчуулбал Нил ягаан бороо гэсэн утгатай) жинхэнэ гайхамшиг болсон байна. Энэхүү шоу нь Super Bowl-ийн түүхэн дэх хамгийн супер шоу байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Мөн түүнчлэн Греммигийн шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Бионсетэй хамтран дуулсан хувилбар нь хамгийн шилдэг хэмээн тооцогддог байна.