www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Beatles, 'Revolver'
Гарсан он: 1966 он
Төрөл: Поп, Рок
Үргэлжлэх хугацаа: 35:01
Лэбэл: Parlophone
Хөгжим мэдээ, мэдээллийн алдарт Роллинг Стоне сэтгүүл 2003 оны тусгай дугаартаа анх "Бүх цаг үеийн 500 цомог" жагсаалтыг нийтлүүлсэн байдаг. Анхны жагсаалтыг домогт Битлз хамтлагийн 1967 онд гаргасан "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" цомог тэргүүлж байсан ба 2012, 2020 жагсаалтыг дахин шинэчилсэн байдаг. 2020 оны хувилбарт хамгийн олон цомог нь орсон уран бүтээлчээр домогт Битлз хамтлаг нэрлэгддэг ба нийт есөн цомог нь багтсан байдаг. Манай сайтын зүгээс тус жагсаалтад багтсан Битлз хамтлагийн хамтлагийн дараах цомгуудыг дэлгэрэнгүй танилцуулж байсан юм. /та цомог бүрийн нэр дээр даран нийтлэлтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой/
- 1964 онд гаргасан ‘A Hard Day’s Night’
- 1965 онд гаргасан ‘Help!’
- 1967 онд гаргасан "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band"
- 1968 онд гаргасан "White Album"
- 1970 онд гаргасан ‘Let It Be’
Харин өнөөдөр 1966 онд гаргасан тэдний долоо дахь студийн цомог болох 'Revolver' цомгийг танилцуулах юм. Тус цомог гарсны дараа хөгжим судлаачид хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу, шинэлэг цомгуудын нэг боллоо хэмээн дүгнэж байжээ. 'Revolver' цомог Английн зах зээлд гарахдаа 14 дуутайгаар гарсан байдаг бол АНУ-ын зах зээлд гарахдаа "I'm Only Sleeping", "And Your Bird Can Sing", "Doctor Robert" зэрэг дуунууд багталгүй 11 дуутайгаар хэвлэгдэж байжээ. Цомгийн борлуулалт амжилтын тухайд энд өгүүлэх нь илүүц биз.
Битлзийн намтар судлаач Николас Шаффнер 1966 оныг хамтлагийн "сэтгэлгээний эрин үе" эхэлсэн хэмээн тодорхойлсон байдаг ба "Revolver" цомгийн дуунуудад оршихуйн хуурмаг шинж чанар, ертөнцийн мөнх бусыг өгүүлэхийг оролдсон байдаг. Мөн түүнчлэн 'Revolver' цомгийг "Харрисон жинхэнэ хөгжмийн зохиолч болохоо баталсан цомог" хэмээн тодорхойлдгийн учир нь Харрисон Энэтхэгийн хөгжим, соёлыг судлах болж Ситар хөгжмийг тоглох болсон нь түүнийг хөгжмийн зохиолчийн хувьд өдөөж өгсөн байдаг.
Eleanor Rigby, Yellow Submarine дуунуудыг сингл хэлбэрээр цомогтойгоо хамтад нь гаргасан байдаг. Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж та бидний сайн мэдэх "Eleanor Rigby". 'Revolver' цомгоос нэг л дууг онцлон сонгох хэрэгтэй гэж үзвэл энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд "Tomorrow Never Knows" дууг нэрлэх байсан биз ээ.
'Revolver'
А тал:
1. "Taxman" 2:36
2. "Eleanor Rigby" 2:11
3. "I'm Only Sleeping" 2:58
4. "Love You To" 3:00
5. "Here, There and Everywhere" 2:29
6. "Yellow Submarine" 2:40
7. "She Said She Said" 2:39
В тал:
1. "Good Day Sunshine" 2:08
2. "And Your Bird Can Sing" 2:02
3. "For No One" 2:03
4. "Doctor Robert" 2:14
5. "I Want to Tell You" 2:30
6. "Got to Get You into My Life" 2:31
7. "Tomorrow Never Knows" 3:00