"Таны заавал сонсох 500 цомог" №12 Michael Jackson, "Thriller"
"Таны заавал сонсох 500 цомог" №12 Michael Jackson, "Thriller"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Michael Jackson, "Thriller"

Гарсан он: 1982 он
Төрөл: Поп, Пост-диско, Рок
Үргэлжлэх хугацаа: 42:19
Лэбэл: Epic

"Попын хаан" домогт Майкл Жексоны (1958-2009) бүхий л цомог "Бүх цаг үеийн шилдэг 500 цомог" жагсаалтад орсон байх нь дамжиггүй. Манай сайтаар түүний 1979 онд гаргасан "Off the Wall",  1987 онд гаргасан "Bad" цомгуудыг танилцуулж байсан бол өнөөдөр алдарт "Thriller" цомгийг нь танилцуулж байна. 

Дуу бүр нь хит болсон "Thriller" цомогт ганцхан зочин уран бүтээлч оролцсон нь агуу Пол Маккартни юм. Цомгийн эхний сингл болох "The Girl Is Mine" дууг тэд хамтдаа дуулж цомог гаргахаас сарын өмнө буюу 1982 оны 10 дугаар сард цацсан байдаг. Энэ нь тэдний анхны хамтын уран бүтээл байсан бөгөөд багагүй амжилттай төсөл байсан тул тэд 1983 онд дахин хамтран "Say Say Say" дууг хамтран зохиож, дуулсан байдаг. 

Харин цомгийн нэрээр нэрлэгдсэн "Thriller" дууг сингл хэлбэрээр цомог гарснаас бүр жилийн дараа гаргаж байлаа. 1983 оны эцэс гэхэд "Thriller" цомог нийт 32 сая хувь борлуулагдсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгоор нэрлэгдэх болсон юм. Одоо ч энэхүү амжилт нь эвдэгдээгүй байгаа ба дэлхий даяар нийт 70 орчим сая хувь борлуулагдаад байна. Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж алдарт "Thriller" дууны богино хэмжээний кино. 

"Thriller" цомгийн тухай өгүүлж буй үед Майклын нэрийн хуудас болсон ‘Billie Jean’ дууг дурсахгүй өнгөрөх боломжгүй. Цомог нь бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан цомгоор нэрлэгдсэний нэгэн адил ‘Billie Jean’ дуу ч бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан сингл дуу болон тэмдэглэгдэн үлджээ. 1983 онд анх гарсан даруйдаа маш олон орны хит жагсаалтуудыг тэргүүлж байсан ба Америкын Билбордын шилдэг 100 дуу жагсаалтыг долоон долоо хоногийн турш тэргүүлж байсан юм.  

Мөн түүнчлэн алдарт Beat it дууг алгасч болохгүй. Тус дуу нь видео клипээрээ маш алдартай бөгөөд сонсох бүрийд уг дууны видео клип нь нүдэнд харагдах шиг болдог. Магадгүй энэхүү клип Thriller цомгийг бүх цаг үеийн хамгийн олон хувь борлогдсон цомог болоход нөлөөлсөн байж мэднэ. Дууг чимэх домогт гитарчин Ван Халений гитарын гоцлол үнэхээр гайхамшигтай. Beat it дуу нь 1983 онд нийтэд цацагдсан даруйдаа Биллбордын шилдэг 100 жагсаалтыг тэргүүлж "Гремми" наадмаас "Oны шилдэг бичлэг", "Шилдэг эрэгтэй дуучин" зэрэг төрлүүдэд шагнал хүртсэн байдаг. Мөн түүнчлэн "American Music Awards" наадмаас хоёр ч шагнал хүртсэн байна. 

"Thriller"

А тал:

1. "Wanna Be Startin' Somethin'" 6:02
2. "Baby Be Mine" 4:20
3. "The Girl Is Mine" 3:41
4. "Vincent Price excerpt from Thriller Voice-Over Session" 0:24
5. "Thriller" 5:57

В тал:

6. "Beat It" 4:18
7. "Billie Jean" 4:54
8. "Human Nature" 4:07
9. "P.Y.T. (Pretty Young Thing)" 3:58
10. "The Lady in My Life" 4:59

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл