"Таны заавал сонсох 500 цомог" №18 Bob Dylan, "Highway 61 Revisited"
"Таны заавал сонсох 500 цомог" №18 Bob Dylan, "Highway 61 Revisited"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bob Dylan, "Highway 61 Revisited"

Гарсан он: 1965 он
Төрөл: Фолк Рок
Үргэлжлэх хугацаа: 51:26
Лэбэл: Columbia

Бүх цаг үеийн хамгийн агуу дуу зохиогч хэмээх тодорхойлолтод зүй ёсоор тооцогдох эрхэм бол мэдээж агуу Боб Дилан юм. Тэр ч утгаараа "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад Боб Диланы нэлээдгүй хэдэн цомог багтсан байдаг. Манай сайт өмнө нь түүний 1963 онд гаргасан 'The Freewheelin' цомог, 1966 онд гаргасан "Blonde on Blonde" цомог, 1997 онд гаргасан ‘Time Out of Mind’ цомог, 2006 онд гаргасан 'Modern Times' цомгуудын дэлгэрэнгүй танилцуулж байлаа. Харин өнөөдөр 1965 онд гаргасан Боб Диланы зургаа дахь цомог болох "Highway 61 Revisited" цомгийг танилцуулж байна. 

Боб Диланы өмнөх цомгуудаас ялгаатай нь "Highway 61 Revisited" цомгийн дуунууд нь акустик хөгжимд суурилсан дуунууд бус рок хөгжимд суурилсан бүтээлүүд голлосон байлаа. "Highway 61 Revisited" цомгийг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу" болох ‘Like a Rolling Stone’ дуугаар нь хөгжим сонирхогчид андахгүй мэднэ. Уг дууны талаар манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг дуу" цувралаараа дэлгэрэнгүй танилцуулж байсан билээ. /Тус нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу/ 

Цомгийн нэрний тухайд Боб Диланы төрж өссөн Миннесота мужийн хурдны замын нэрээр нэрлэгдсэн ба "Highway 61 Revisited" нэрийг өгөхийн тулд Боб Дилан маш олон эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч тэрээр өөрийн сонголтдоо тууштай үнэнч байсан тухай түүх бий. "Highway 61 Revisited" цомог нь есөн дуунаас бүрддэг ба цомгийн бичлэгт маш богино хугацааг зарцуулсан буюу ердөө сар хүрэхгүй хугацаанд бичлэгээ дуусгасан байдаг. Цомгийн бичлэг бүрэн дуусахаас өмнө хамгийн эхний синглээр ‘Like a Rolling Stone’ дуугаа гаргасан нь "Highway 61 Revisited" цомгийн нэр хүндийг өсгөж, хүлээх хүлээлтийг огцом нэмэгдүүлж өгсөн байдаг. Цомгоос "From a Buick 6", "Highway 61 Revisited", "Queen Jane Approximately" зэрэг дөрвөн дууг сингл хэлбэрээр гаргасан нь бүгд борлуулалт өндөртэй байж чадсан юм. 

"Highway 61 Revisited"

А тал:
1. "Like a Rolling Stone" 6:13
2. "Tombstone Blues" 5:56
3. "It Takes a Lot to Laugh, It Takes a Train to Cry" 4:09
4. "From a Buick 6" 3:19
5. "Ballad of a Thin Man" 5:58

В тал:
1. "Queen Jane Approximately" 5:31
2. "Highway 61 Revisited" 3:30
3. "Just Like Tom Thumb's Blues"  5:32
4. "Desolation Row" 11:21

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл