"Таны заавал сонсох 500 цомог" №97 Bob Dylan, 'The Freewheelin' Bob Dylan'
"Таны заавал сонсох 500 цомог" №97 Bob Dylan, 'The Freewheelin' Bob Dylan'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bob Dylan, "The Freewheelin' Bob Dylan"

Гарсан он: 1963 он
Төрөл: Фолк, Блюз
Үргэлжлэх хугацаа: 50:04
Лэбэл: Columbia

Домогт Боб Диланы 1963 онд гаргасан түүний хоёр дахь студийн цомог болох "The Freewheelin' Bob Dylan" цомгийг танилцуулж байна.

"The Freewheelin' Bob Dylan" цомгоос нэг жилийн өмнө тэрээр анхны цомгоо өөрийн нэрээрээ гаргасан хэдий ч ихэнх дуу нь ковер дуу байлаа. 1962 онд гаргасан "Bob Dylan" цомгийн борлуулалт маш муу байсан тул "Columbia" рекордсын зүгээс гэрээгээ цуцлах хүртэл санал гарч байсан ба "The Freewheelin' Bob Dylan" цомог амжилттай болох эсэхээс Боб Диланы цаашдын карьер хэрхэх нь шийдэгдэх байлаа. 

"The Freewheelin' Bob Dylan" цомгийн хувьд 13 дуутай ба 11 дуу нь Боб Диланы анхны бүтээлүүд юм. Энэхүү цомогт 60-аад оны "сүлд дуу" хэмээн тодорхойлж болох алдарт "Blowin' in the Wind" дуунаас гадна "Girl from the North Country", "Masters of War", "A Hard Rain's a-Gonna Fall", "Don't Think Twice, It's All Right" зэрэг тухайн үеийн супер хит дуунууд багтсан байдаг. 

Дуунуудын сэдвийн тухайд: хүний эрх, эрх чөлөө, дайныг эсэргүүцсэн үзэл бүхий дуунууд голлох ба мэдээж мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийн тухай дуунууд ч агуулагддаг байна. Ерөөс "The Freewheelin' Bob Dylan" цомог болон түүнд агуулагдах дуунууд нь Боб Диланыг маш сайн яруу найрагч, агуу дуу зохиогч болохыг нийтэд таниулж чадсан юм. Түүний улс төрийн сэдэвтэй дуунууд зохиох болсонд тухайн үеийн найз бүсгүй нь болох Сюзе Ротологийн нөлөө байсан хэмээн үздэг байна. 

2016 онд Нобелийн Утга зохиолын шагналаар Боб Диланыг шагнахдаа “Америкийн агуу түүхт дууны шүлгийн уламжлалыг баяжуулж шинэ яруу найргийн хэллэг бий болгосон учир” хэмээн түүнийг тодорхойлсон байдаг.

‘Blowin’ in the Wind’ дууны шүлгийг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр "Хүчит салхи мэднэ" хэмээн орчуулсан байдаг. Түүний орчуулсан шүлгийг бүрэн эхээр нь хүргэе.

Хүчит салхи мэднэ (Blowing in the wind)

Хэчнээн холын зам туулсных нь дараа
Хэн нэгнийг хүн мөн хэмээн тоодог юм бол?
Хэдэн далай гэтэлснийхээ дараа
Хээрийн галуу унтаж амардаг юм бол?
Хэдэн удаа их буугаар буудсаныхаа дараа
Хэрэггүй "тоглоом" юм гэдгийг нь ойлгодог юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь
Хүчит салхи хариуг нь хэлнээ
Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад
Хүчирхэг давлагаанд идэгддэг юм бол?

Хэдэн жил амьдарч байгаад хүмүүс
Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?
Хүний зовлонг олж харахаа болихын тулд
Хэдэн удаа нүүрээ буруулах ёстой юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь
Хүчит салхи хариуг нь хэлнээ

Хөх тэнгэр байна гэдгийг олж харахын тулд
Хэдэн удаа харцаа дээш өргөх ёстой вэ?
Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд
Хэдэн чихтэй байх ёстой юм бол?
Хэдэн хүн амь насаа алдсаны дараа
Хэтэрхий олон хүн үхсэнийг ойлгодог юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь
Хүчит салхи хариуг нь хэлнээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл