"Таны заавал сонсох 500 цомог" №162 Radiohead, 'OK Computer'
"Таны заавал сонсох 500 цомог" №162 Radiohead, 'OK Computer'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Radiohead, "OK Computer"

Гарсан он: 1997 он
Төрөл: Альтернатив рок, Арт рок, прогрессив рок
Үргэлжлэх хугацаа: 53:21
Лэбэл: Parlophone, Capitol

1997 онд гарсан нэгэн цомогт 21-р зууны амьдралын хэв маягийг төсөөлсөн, урьдчилан харсан гэмээр дуунууд орсон байдаг. Энэхүү цомог бол мэдээж домогт Radiohead хамтлагийн студийн гурав дахь цомог болох "OK Computer" юм. Тэдний өмнө нь гаргасан The Bends цомогт Том Йорк(гоцлол дуучин, яруу найрагч) илүүтэй хувийн, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн дуунууд зохиосон байдаг бол "OK Computer" цомогт хийсвэр, төсөөллийн хэв маягтай дуунууд оруулсан байдаг. 

"Paranoid Android", "Karma Police", "Lucky", "No Surprises" зэрэг хит дуунууд энэ л цомогт бүгд багтсан байдаг гэхээр ямар гайхалтай цомог болохыг нь та ойлгох биз ээ. 

Тус цомгийг сонсогчид, хөгжим судлаачид өндрөөр үнэлж "Бүх цаг үеийн шилдэг цомог" мөн гэдгийг дуу нэгтэйгээр илэрхийлдэг бөгөөд 1998 оны Гремми наадмаас "Оны шилдэг Альтернатив цомог" шагналыг хүртэж байжээ. Тэр ч бүү хэл АНУ-ын конгрессийн номын санд "соёл, гоо зүйн ач холбогдол бүхий түүхэн уран бүтээл" тэмдэглэгээтэйгээр орсон нь чухам ямархуу чанартай цомог болохыг нь илтгэж буй хэрэг юм. 

Анхандаа Capitol лебелийнхэн "OK Computer" цомгийн дуунуудыг сонсоод энэ хол явахааргүй цомог болсон гэж дүгнээд борлуулалтын төсөөллөө бууруулж байсан гэдэг. Тэд тус цомгоос "Creep" шиг дуу хайж байснаа үгүйсгээгүй юм. Харин Capitol-ийнхоны төсөөлөл буруу байсан ба "OK Computer" цомог дэлхийн даяар 8 сая хувь борлуулагдаж чадсан юм. 

Эхний синглээр цацсан "Paranoid Android" дуу нь анхандаа 14 минут орчим үргэлжлэх нэлээдгүй урт дуу байсан хэдий ч цомогт оруулахдаа багасгасан байдаг. 

Хамтлагийн гишүүдийн хэн нэгэн нь буруу зүйл хийвэл "Кармагийн цагдаа дуудна шүү" гэсэн хошигнол хэлдэг байсан нь цомгийн хоёр дахь синглээр цацсан "Karma Police" дууны анхны санаа байжээ. 

 "OK Computer" цомгийн тухай өгүүлж буй тохиолдолд "No Surprises" дууг сонсолгүй өнгөрч, видео клипийг нь үзэлгүй орхиж болохгүй. 

Ерөөс нэг ч дууг нь алгасалгүй сонсох цомог бол "Ok Computer" юм. 

"OK Computer"

1. "Airbag" 4:44
2. "Paranoid Android" 6:23
3. "Subterranean Homesick Alien" 4:27
4. "Exit Music (For a Film)" 4:24
5. "Let Down" 4:59
6. "Karma Police" 4:21
7. "Fitter Happier" 1:57
8. "Electioneering" 3:50
9. "Climbing Up the Walls" 4:45
10. "No Surprises" 3:48
11. "Lucky" 4:19
12. "The Tourist" 5:24 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл