"Таны заавал сонсох 500 цомог" №203 Michael Jackson, 'Bad'
"Таны заавал сонсох 500 цомог" №203 Michael Jackson, 'Bad'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Michael Jackson, 'Bad'

Гарсан он: 1987 он
Төрөл: Поп, Рок, Фанк, R&B
Үргэлжлэх хугацаа: 48:40
Лэбэл: Epic

Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо зөвхөн АНУ-д хоёр сая гаруй хувь борлуулагдсан цомог бол "Попын хаан" домогт Майкл Жексоны (1958-2009). Энэ нь түүний долоо дахь бие даасан цомог болсон бөгөөд өмнө нь гаргасан алдарт "Thriller" цомог гарснаас хойш даруй долоон жилийн дараа гарсан тул Майклын шүтэн бишрэгчдийн өндөр хүлээлт дор гарсан цомог байлаа. 

Нийт 11 дуутай цомгоос есөн дууг нь сингл хэлбэрээр цацсан байдаг ба цацсан дуу бүр нь хит жагсаалтуудыг дээгүүр байр эзэлж байсан нь тодорхой. Хамгийн эхний синглээр цацсан "I Just Can't Stop Loving You" дуу болон түүний араас цацсан "Bad", "The Way You Make Me Feel", "Man in the Mirror", "Dirty Diana" зэрэг таван сингл дуу нь бүгд дараалан Биллбордын шилдэг 100 жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Энэхүү үзүүлэлтээрээ буюу нэг цомгийн таван дуу хит жагсаалтыг тэргүүлсэн тохиолдолд 2011 оныг хүртэл гарч байгаагүй юм.  

Тус цомгийн "Speed Demon", "Leave Me Alone", "Man in the Mirror", "Smooth Criminal" зэрэг супер хит дуунууд бүхий "Moonwalker" богино хэмжээний кино нь ч мөн төсөөлснөөс ч өндөр борлуулалттай байлаа. Мөн түүнчлэн "Bad" аялан тоглолт нь тухайн үедээ 125 сая ам.доллар олсон (2019 оны ханшаар 250 гаруй сая ам.доллар) нь тухайн үедээ хамгийн өндөр ашиг орлоготой аялан тоглолтоор нэрлэгдэж байлаа. 

Хөгжим судлаачид "Bad" цомгийг тодорхойлохдоо: 80-аад оны поп хөгжмийг энэ цомгоор тодорхойлж болно, тус цомгийн видео клипүүд нь хөгжмийн видео клипийн хөгжилд хувьсал авч ирсэн, түүхэн дэх хамгийн өндөр хүлээлттэй цомог байлаа гэх зэргээр тодорхойлсон нь бий. 

Хамгийн эхний сингл болох "I Just Can't Stop Loving You" дууг дуучин Сида Гарреттай хамтран дуулсан юм. Анхандаа Майкл энэхүү дуугаа Барбара Стрейзанд болон Уитни Хьюстон нарын хэн нэгэнтэй нь дуулах хүсэлтэй байсан ч тэд хамтран дуулахаас татгалзсан байдаг. 

Гурав дахь синглээр цацагдсан "The Way You Make Me Feel" дуу нь Майклын 1995 онд гаргасан HIStory: Past, Present and Future, Book I, 2003 онд гаргасан Number Ones, 2004 онд гаргасан The Ultimate Collection, 2005 онд гаргасан The Essential Michael Jackson, 2006 онд гаргасан Visionary: The Video Singles, 2009 онд гаргасан This Is It зэрэг түүний түүвэр дууны цомогт бүгдэд нь орсон дуу юм. 

Цомгийн дөрөв дэх сингл болох "Man in the Mirror" дууны клип маш өвөрмөц болсон ба клипний төгсгөлд олны хэсэгт гардгийг эс тооцвол Майкл Жексон өөрөө гардаггүй байна. Харин түүний санал болгосноор олны танил эрхмүүдийн бичлэгийг монтаж хийн оруулсан байна. 

"Bad" цомгийн тухай өгүүлж байгаа тохиолдолд нэгэн дууг дурдалгүй, сонсолгүй өнгөрөх боломжгүй. Энэ бол мэдээж "Smooth Criminal".  Тус дууны клипт бүжигчид алдарт дэлхийн таталцлын хуулийн эсрэг хөдөлгөөн хийдэг билээ. 

'Bad' 

1. "Bad" 4:08
2. "The Way You Make Me Feel" 4:59
3. "Speed Demon" 4:03
4. "Liberian Girl" 3:55
5. "Just Good Friends" (with Stevie Wonder; writers: Terry Britten, Graham Lyle) 4:09
6. "Another Part of Me" 3:55
7. "Man in the Mirror" (writers: Siedah Garrett, Glen Ballard) 5:21
8. "I Just Can't Stop Loving You" (with Siedah Garrett) 4:27
9. "Dirty Diana" 4:42
10. "Smooth Criminal" 4:20
11. "Leave Me Alone" 4:41 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл