"Таны заавал сонсох 500 цомог" №331 The Beatles, ‘Help!’
"Таны заавал сонсох 500 цомог" №331 The Beatles, ‘Help!’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Beatles, ‘Help!’

Гарсан он: 1965 он
Төрөл: Фолк рок, Поп рок
Үргэлжлэх хугацаа: 33:44
Лэбэл: Parlophone

Домогт Битлз хамтлагийн "Help" кинонд зориулсан цомог нь тус хамтлагийн тав дахь студийн цомог болон 1965 онд гарсан байдаг.

"Help" цомогт Пол Маккартни анх удаа ганцаарчилсан уран бүтээл болох алдарт "Yesterday" дуугаа акустик гитар, хийлийн дөрвөлийн хамт дуулсан нь бий. Мөн түүнчлэн Жорж Харрисоны "I Need You" болон "You Like Me Too Much" хоёр дуу багтсан нь 1963 оны "With the Beatles" цомогт "Don't Bother Me" дуу нь орсноос хойших анхны тохиолдол болсон юм.  

Цомгийн хавтсанд Битлзийн дөрвөл гараараа үсэг бүтээсэн зураг бий. Зураг авалтыг гүйцэтгэсэн зурагчны анхны санаагаар бол HELP гэсэн үгийг бүтээх байсан хэдий ч харагдац, үзэмжийн хувьд зохимжгүй байсан тул арга буюу санамсаргүй дүрсийг үүсгэх болсон байна. Хавтсанд дүрслэгдсэн үсгүүдийг нийлүүлбэл "NUJV" хэмээх санамсаргүй үг үүссэн байна. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол алдарт "Ticket To Ride". Мэдээж гарсан даруйдаа хит сингл жагсаалтуудыг тэргүүлж байжээ. Уг дууг "The Carpenters" хамтлаг ковер хийж дуулсан нь мөн л хит жагсаалтуудыг тэргүүлж байсан юм. 

Цомог, уран сайхны киноны гол дуу болох "Help" дуу нь нийтэд цацагдсан даруйдаа хит болж Англи болон Америкт хит жагсаалтыг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. Дууг зохиогч Жон Леннон дууныхаа тухай хожимоо дурсан ярихдаа "Тухайн үед Битлз хамтлагийн бүхий л зүйлд тусламж хэрэгтэй байсан. Бурхан надад киноныхоо нэрийг "HELP" хэмээн нэрийдэхийг хэлсэн мэт. Яг тэр мөчид миний сэтгэлээс гарсан үгс дууны үг болсон байж мэднэ" гэсэн байна. Мөн цааш нь тэрээр "Миний зохиосон "Help" болон "Strawberry Fields Forever" дуунууд нь бусад дуунуудын нэгэн адил зохиогдсон ердийн дуунууд биш юм" хэмээн хэлжээ.

"Help" цомгийн тухай өгүүлж байгаа тохиолдолд алдарт ‘Yesterday’ дууг сонсолгүй өнгөрч боломгүй. Хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх ‘Yesterday’ дууг зохиогдсон цагаас нь хойш өнөөдрийг хүртэл 3000 гаруй уран бүтээлчид ковер хийн дуулсан гэсэн статистик тоо бий. Энэ нь бүх цаг үеийн хамгийн олон удаа ковер хийгдсэн дуу болж дэлхийн дээд амжилтын Геннисийн номонд хүртэл бичигдсэн байна.

Маккартни ‘Yesterday’ дууны аялгууг зүүдэндээ олсон хэмээн дурсан ярьжээ. Тэрээр өөрийн найз бүсгүй Жейн Ашерийн гэрт өглөө сэрэнгүүтээ төгөлдөр хуур дээр аялгууг нь буулган авсан байна.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл