www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Radiohead, ‘In Rainbows’
Гарсан он: 2007 он
Төрөл: Арт рок, Экспериментал рок, Арт поп
Үргэлжлэх хугацаа: 42:39
Лэбэл: Xurbia Xendless
Домогт "Radiohead" хамтлагийн долоо дахь студийн цомог болох ‘In Rainbows’ цомгийг өнөөдөр танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Тус цомгийн ажлыг хоёр жил гаруй хугацаанд хийсэн байдаг ба худалдаанд гарахдаа эхлээд биет хэлбэрээр бус интернет орчинд дижитал хувилбараар борлуулагдаж эхэлсэн юм. Энэ нь хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ түүхийг бүтээлээ. Интернет орчин дахь борлуулалт нь тун амжилттай хэрэгжиж өдөрт дунджаар 1.2 сая хувь цомог интернетээр татагдаж байсан байна.
Харин сиди болон пянз хэлбэрээр худалдаанд гарснаасаа хойш жилийн дотор гурван сая гаруй борлуулагдаж Гремми наадмаас хоёр шагнал хүртэхийн сацуу хит жагсаалтуудыг тэргүүлэх болсон байна.
"Radiohead" хамтлагийн зургаа дахь студийн "Hail to the Thief" (2003) цомог гарсны дараа EMI студитэй байгуулсан гэрээ нь дуусгавар болж хамтлагийн гишүүд хувийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Тухайлбал дуучин Том Йорк анхны бие даасан "The Eraser" (2006) цомгоо гаргасан бол Жонни Грийнвүүд "Bodysong" (2004), "There Will Be Blood" (2007) зэрэг бүтээлүүдээ гаргаж байлаа. Чухам энэ үед хамтлагийн бөмбөрчин Филип Селвэй "Би завсарлага авах цаг нь болжээ. Хийж бүтээснээ эргэн харах хэрэгтэй боллоо" хэмээж байсан ч 2005 оны эхээр тэд шинэ уран бүтээл болох ‘In Rainbows’ цомгийн ажилдаа орсон байна.
‘In Rainbows’ цомог нийт 10 дуутай ба 2009 онд "In Rainbows Disk 2" нэртэй найман дуутай цомог мөн гаргасан байдаг.
Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэж буй дуу бол ‘In Rainbows’ цомгийн эхний сингл болох "Jigsaw Falling into Place" дууг цомог худалдаанд гарсны дараа жил нь буюу 2008 оны нэгдүгээр сард цацаж байлаа. Хэдийгээр тус дуу хит жагсаалтуудыг тэргүүлж байгаагүй ч алдарт "Time" сэтгүүлийн тодорхойлсноор "2007 оны шилдэг дуу" байлаа.
Харин хоёр дахь сингл болох "Nude" дуу нь 1997 онд гаргасан "OK Computer" цомогт оруулахаар зохиож байсан ч оруулалгүй үлдээсэн нь 10 жилийн дараа ‘In Rainbows’ цомогт ороод зогсохгүй цомгийн гол синглээр нь нэрлэгдэх учиртай байжээ.
Ерөөс ‘In Rainbows’ цомгийн бүх л дуу нь алгасч сонсож боломгүй гайхалтай бүтээлүүд юм. Тиймээс танд тус цомгийг бүхэлд нь сонсохыг зөвлөж байна. Манай сайт "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралаараа "In Rainbows – From the Basement" тоглолтыг толилуулж байсан билээ.