"Таны заавал сонсох 500 цомог" №401 Red Hot Chili Peppers, ‘Californication’
"Таны заавал сонсох 500 цомог" №401 Red Hot Chili Peppers, ‘Californication’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Red Hot Chili Peppers, ‘Californication’

Гарсан он: 1999 он
Төрөл: Альтернавтив рок
Үргэлжлэх хугацаа: 56:24
Лэбэл: Warner Bros

Энэ өдөр үзэгч, сонсогчдодоо "Red Hot Chili Peppers" хамтлагийн студийн долоо дахь цомог болох 1999 онд гаргасан "Californication" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. "Californication" цомгийг танилцуулахаасаа өмнө эхлээд "Red Hot Chili Peppers" хамтлагийн талаар товчхон мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу. "Red Hot Chili Peppers" хамтлаг нь 1983 онд Америкийн Лос Анжелес хотноо байгуулж байсан ба альтернатив рок, фанк, панк рок, писхеделик рок урсгалаар тоглодог байна. 90-ээд оны үеэр зөвхөн Америкт бус дэлхий нийтийг байгуулж байсан тус хамтлаг 80 гаруй сая хувь цомог борлуулсан амжилтаараа бүх цаг үеийн шилдгүүдийн тоонд багтдаг. Өнөөдөр танилцуулахаар бэлтгэсэн "Californication" цомог нь тус хамтлагийн хамгийн оргил цомгуудын нэг бөгөөд дэлхий даяар 16 сая хувь борлуулагдсан гэсэн тоо баримт бий. 

"Californication" цомогт гитарчин Жон Фрушьянте хамтлагтаа эргэн ирснээр "Red Hot Chili Peppers" хамтлагийн хөгжим бүхэлдээ өөрчлөгдсөн гэж үздэг. Тэр ч бүү хэл дууны сэдвүүдийн хувьд ч нэлээдгүй өөрчлөлт орсон ба үхэл, амиа хорлолт, даяаршил, хар тамхи гэх мэт илүү өргөн сэдвийг хөндөх болсон байна. Тэрээр хамтлагаасаа гарснаасаа хойш хэдэн жилийн турш хар тамхинд донтон үхэл, амьдралын зааг дээр очиж байсан ба хамтлагтаа цоо шинэ хүн, шинэ дуугаралттай эргэн ирсэн юм. 

"Californication" цомог амжилтад хүрэхэд цомгийн дуунуудаас гадна тус цомог дээр ажилласан продюсер Рик Рубины гавьяа их. Тэрээр цомог гарахаас өмнө болон цомгийн борлуулалт эхэлснээс хойш ч маш ухаалаг маркетинг хийсэн байна. Тухайлбал цомог худалдаанд гарахаас өмнө ахлах сургуулийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлан ялагчид нь "Californication" цомог болон тоглолтын тасалбар хожих болзолтой байсан нь маш үр дүнтэй болж нийгэмд асар их хүлээлтийг үүсгэж чадсан түүхтэй. 

Тус цомогт "Red Hot Chili Peppers" хамтлагийн нэрийн хуудас болсон "Otherside", "Californication" зэрэг дуунуудаас гадна Гремми наадмын оны шилдэг рок дуу шагнал хүртсэн "Scar Tissue" дуу нь багтсан байдаг. Хамтлагийн гоцлол дуучин Энтони Кейдис "Californication" цомгийн талаар "Энэ цомгийн дуунуудаар бид Калифорнид Америк мөрөөдөл хайн замаа алдсан хүмүүсийн түүхийг өгүүлэхийг зорьсон" хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшишлэх дуу бол мэдээж "Red Hot Chili Peppers" хамтлагийн нэрийн хуудас болсон "Californication". Харин тус цомгийн эхний сингл болох "Scar Tissue" дуу нь "Californication" цомгийг бүхэлд нь тодорхойлохуйц супер хит болж чадсан юм. 

Цомгийн хоёр дахь сингл "Around the World" дууг гоцлол дуучин Антони Клейдис өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, "Red Hot Chili Peppers" хамтлагтайгаа хамт байсан адал явдал дүүрэн аяллынхаа тухай өгүүлсэн байдаг. 

"Californication" цомгийг сонсож буй тохиолдолд тус цомгийн төдийгүй "Red Hot Chili Peppers" хамтлагийн супер хит дуу болох "Otherside"-ийг сонсолгүй өнгөрөх боломжгүй. 

 ‘Californication’

1. "Around the World" 3:58
2. "Parallel Universe" 4:30
3. "Scar Tissue" 3:37
4. "Otherside" 4:15
5. "Get on Top" 3:18
6. "Californication" 5:21
7. "Easily" 3:51
8. "Porcelain" 2:43
9. "Emit Remmus" 4:00
10. "I Like Dirt" 2:37
11. "This Velvet Glove" 3:45
12. "Savior" 4:52
13. "Purple Stain" 4:13
14. "Right on Time" 1:52
15. "Road Trippin'" 3:25
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл