Тэрээр пянзыг ширхэгээр биш дэлгүүрээр нь худалдан авдаг
Тэрээр пянзыг ширхэгээр биш дэлгүүрээр нь худалдан авдаг

 

Хөгжмийн төрөлжсөн мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайтын зүгээс хөгжмийн "хорхойтон" цуглуулагч нарын тухай, тэдний цуглуулгын талаарх "Хобби" цуврал булангийн энэ удаагийн дугаараар дэлхийн хамгийн их цуглуулгатай пянз цуглуулагчийн тухай мэдээлэл бэлтгэлээ. 

 

Өмнөх дугаарт нийтлэгдсэн төрийн соёрхолт дуучин Д.Болдын пянз тоглуулагчийн иж бүрдлийн тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Пянз цуглуулагч

Пянз цуглуулагчид дотроо цуглуулгын хэлбэрээрээ дараах байдлаар ангилагддаг байна. 

  • Хөгжмийн урсгал, чиглэлээр дагнасан /рок, сонгодог, жазз гэх мэт/
  • Уран бүтээлчээр дагнасан /Элвис Пресли, Битлз, Пинк Флойд гэх мэт/
  • Цаг үеэр нь дагнасан /1960 болон 70-аад оны уран бүтээлүүд гэх мэт/
  • Тусгай үзүүлэлтээр дагнасан /Пянзны өнгө, хэлбэрээс гадна анхны хэвлэлт, Apple records, Motown зэрэг лебелээр дагнан цуглуулдаг цуглуулагч нар ч бий /

Зеро Фрейтас найман сая гаруй пянзны цуглуулгатай

Одоо мэдэгдэж буйгаар дэлхий дээрх хамгийн их пянзны цуглуулгатай хүн бол Бразилийн бизнесмен Зеро Фрейтас юм. Тэрээр найман сая гаруй пянз, 100 гаруй мянган дискний цуглуулгатай нэгэн. Түүнийг бага ахуйд аав нь 200 гаруй цомог бүхий тоглуулагч авч өгснөөр цуглуулгын суурийг нь тавьсан байна. Харамсалтай нь үерийн улмаас бүх цуглуулгаа алдсан ч цуглуулгаа дахин эхлүүлжээ. Фрейтас 12 настай байхдаа анхны пянзаа худалдаж авсан нь Латин хөгжмийн "хаан" хэмээгддэг Бразилын Роберто Карлосын "Canta para a Juventude" цомгийг худалдан авч байсан байна. 

Фрейтас ахлах сургуулиа төгсөхөд түүний цуглуулга хэдийнээ 3000 давсан байлаа. Тэрээр коллежид хөгжмийн найруулгын чиглэлээр суралцсан ч гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэх хэрэгтэй болсон ч цуглуулгаа орхиогүй юм. 30 нас хүрэхэд түүний пянз 30.000 гаруй болсон байна. 

Фрейтас пянзыг ширхэгээр бус чингэлэгээр худалдан авах болсон

Тэрээр цуглуулгаа аривжуулахын тулд Америкийн хөгжмийн төрөлжсөн "Billboard" сэтгүүл дээр "Хөгжмийн урсгал, чиглэл хамаарахгүй пянзнуудыг өндөр үнээр худалдаж авна" хэмээн зар хүртэл нийтлүүлж байсан ба 2012 онд Нью Йоркын Colony Records хувьцааг худалдан авч 200 гаруй мянган пянзыг өөрийн болгосон байдаг. Фрейтас энэ үед пянзыг ширхгээр нь биш дэлгүүрээр нь, цуглуулагч нарын цуглуулгын бүхлээр нь худалдаж авдаг байлаа. Тухайлбал: Рио Де Жанейрогийн Modern Sound дэлгүүрийн хувьцааг, Music Man Murray болон Record-Rama хөгжмийн дэлгүүрийн эздийн бүх цуглуулгыг худалдаж авсан байна. Тэрээр нэг дор худалдан авсан гурван сая гаруй пянзаа тээвэрлэхэд найман чингэлэг болж байлаа. 

Фрейтас цуглуулгынхаа 100 гаран мянгыг л гэртээ хадгалдаг

Фрейтас 33, 45, 78 эргэлттэй гээд бүх төрлийн пянзыг хөгжмийн урсгал, чиглэл хамаарахгүйгээр цуглуулдаг ба пянзнуудыг цэвэрлэх, каталогижуулах бүхэл бүтэн баг ажиллуулдаг ба цуглуулгаасаа 100 мянга гаруйг нь өөрийнхөө гэрт хадгалдаг байна. Түүнд цуглуулгаа хадгалах агуулах шинээр барих хэрэгцээ үүссэн нь гарцаагүй. Түүний цуглуулгын 30 гаруй хувь давхардсан байдаг ба давхардсан пянзнуудаа саяхнаас зарах болсон байна. Мөн өөрийн цуглуулгаасаа 10 мянга гаруй Бразил пянзыг Нью Йорк хотноо байрлах ARChive of Contemporary Music хөгжмийн төвд хандивласан байна. 

Эцэст нь пянз цуглуулагчдынхаа амралтад зориулан нэгэн гайхамшигт аялгууг зориулж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл