www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Tom Waits, ‘Mule Variations’
Гарсан он: 1999 он
Төрөл: Рок, Экспериментал
Үргэлжлэх хугацаа: 70:33
Лэбэл: ANTI-
Америкийн өвөрмөц дуу зохиогч, хөгжимчин, дуучин Том Вейтс 1970-аад оны үест жазз хөгжмөөр уран бүтээлээ туурвиж байсан бол 1980-аад оноос илүү өвөрмөц экспериментал урсгалаар уран бүтээлээ туурвих болсон байна. Тэрээр анхны "Closing Time" цомгоо 1973 онд гаргаж байсан ба өнөөдөр бидний танилцах гэж буй ‘Mule Variations’ цомог нь түүний 12 дахь студийн цомог болж 1999 онд гарч байжээ. Том Вейтс ‘Mule Variations’ цомгоороо Гремми наадмаас хоёр ч шагнал хүртсэн ч олон нийтэд төдийлөн хүрч чадаагүй юм.
Өвөрмөц баргил хоолойгоор дуулах Том Вейтс дэлхий даяар алдаршаагүй ч түүний цомгийг хүлээх өөрийн гэсэн үнэнч сонсогчидтой байлаа. Тодруулбал 1993 онд "The Black Rider" цомгоо гаргаснаас хойш уран бүтээлээсээ хөндийрч, зургаан жил завсарласны эцэст гарсан тул ‘Mule Variations’ цомог өндөр хүлээлттэй байлаа.
Том Вейтс ‘Mule Variations’ цомгийн дуунуудаасаа тусгайлан сингл хэлбэрээр гаргаж байгаагүй ч цомгийг бүхэлд нь, дуунуудыг нь алгасалгүйгээр сонсохыг зөвлөж байна. Манай сайтын "Онлайн радио 24/7" буланд тус цомгийг бүрэн эхээр нь оруулсан тул та зав гарган сонсоод үзээрэй танд таалагдана хэмээн найдаж байна.