"Таны заавал сонсох 500 цомог" №435 Nirvana, ‘In Utero’
"Таны заавал сонсох 500 цомог" №435 Nirvana, ‘In Utero’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Nirvana, ‘In Utero’

Гарсан он: 1993 он
Төрөл: Гранж, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа:41:23
Лэбэл: DGC

Домогт Нирвана хамтлагийн алдарт "Nevermind" цомог гарснаас хоёр жилийн дараа буюу 1993 онд сонсогчдын их хүлээлтийн дүнд бий болсон цомог бол "In Utero" цомог байлаа. Энэхүү цомог нь Нирвана хамтлагийн хамгийн сүүлийн цомог болсон юм. Мэдээж дуунуудын найруулга нь өмнөх цомгоос эрс ялгаатай болсон хэдий ч гранж урсгал "ханх хийсэн" хэвээр.  

1992 онд Курт Кобайн дараагийн цомгийнхоо нэрийг "I Hate Myself" буюу "Би өөрийгөө үзэн ядаж байна" эсвэл "I Want to Die" буюу "Би үхэхийг хүсэж байна" хэмээн нэрлэхийг хүссэн ч бусад нь түүнийг дэмжээгүй байна. Эцэст нь өөрийн эхнэр Кортни Лавын бичсэн шүлэгнээс "In Utero" хэмээн нэрний санааг авсан байдаг. Цомгийн гадна хавтасны дизайн тун этгээд болсон байдаг ба энэ нь мэдээж Куртээс л гарах санаа байсан нь тодорхой. 

1994 оны хоёрдугаар сард Нирвана хамтлаг цомгоо сурталчлах Европын аялан тоглолтыг зургаан долоо хоногийн турш эхлүүлсэн болов ч Курт Ромд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж цуцлагдсан байдаг. Тэрээр хар тамхины эмчилгээнд орохыг зөвшөөрсөн хэдий ч удалгүй амиа егүүтгэсэн юм. Энэ явдлаас үүдэн хамтлаг тарахын сацуу цомгийн гурав дахь синглээр гаргахаар төлөвлөөд байсан "Pennyroyal Tea" дууг мөн цацаагүй байна. 

Цомгийн хамгийн эхний сингл бол "Heart-Shaped Box". Уг дуу хит жагсаалтуудыг тэргүүлэхийн сацуу видео клип нь ч маш олон шагналуудыг хүртсэн байдаг. Уг дууг Курт 1992 онд зохиосон бөгөөд анхны нэр нь "Heart-Shaped Coffin" буюу "Зүрхэн хэлбэртэй Авс" нэртэй байсныг цомогт бичүүлэхдээ Авс хэмээх нэршлийг арай "зөөлрүүлэн" "Box" буюу хайрцаг хэмээх үгээр сольсон байна. 

Харин дараагийн синглээр алдарт All Apologies болон Rape Me хоёрыг зэрэг цацсан байна. All Apologies дууг Нирвана хамтлагийн хамгийн сүүлчийн тоглолт болох 1994 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Германд тоглосон тоглолт дээр дуулахад фенүүд нь нэгэн хэмтэй даган дуулж байлаа.   

Энэхүү нийтлэлийг өгүүлэгчийн хувьд хамгийн дуртай дуунуудынх нь нэг болох Rape Me дууг тухайн үед MTV хөгжмийн нэвтрүүлгээр олон нийтэд цацахаас татгалзаж байсан юм. Мөн түүнчлэн цомгийг борлуулах дэлгүүрүүд нэрийг нь "Waif Me" хэмээн зассан тохиолдолд худалдаанд гаргах санал дэвшүүлж Wal-Mart болон Kmart дэлгүүрүүд "In Utero" цомгийг борлуулахдаа Rape Me дууны нэрийг нь "Waif Me" болгон зассан хувилбарыг борлуулж байлаа. 

Гарч амжаагүй гурав дахь сингл болох Pennyroyal Tea бол бас л гайхамшиг. 

Эцэст нь хэдийгээр "In Utero" цомгийн дуу биш ч алдарт Drain You дууны нэгэн гайхалтай амьд тоглолтыг толилуулж байна. /яг л bonus track гэдэг шиг/

 ‘In Utero’

1. "Serve the Servants" 3:36
2. "Scentless Apprentice" (Cobain, Dave Grohl, Krist Novoselic) 3:48
3. "Heart-Shaped Box" 4:41
4. "Rape Me" 2:50
5. "Frances Farmer Will Have Her Revenge on Seattle" 4:09
6. "Dumb" 2:32
7. "Very Ape" 1:56
8. "Milk It" 3:55
9. "Pennyroyal Tea" 3:37
10. "Radio Friendly Unit Shifter" 4:51
11. "tourette's" 1:35
12. "All Apologies" 3:51

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл