КОВЕР ДУУ: Knockin' on Heaven's Door
КОВЕР ДУУ: Knockin' on Heaven's Door

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Knockin' on Heaven's Door" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

Knockin' on Heaven's Door

Домогт Боб Дилан ‘Knockin’ on Heaven’s Door’ дуугаа 1973 онд "Pat Garrett and Billy the Kid" кинонд зориулан зохиосон байна. Уг кино гарснаас хоёр сарын дараа ‘Knockin’ on Heaven’s Door’ дуу нь сингл хэлбэрээр нийтэд цацагдаж дэлхий даяар хит болж чадсан юм. Боб Дилан 1966 онд мотоциклтой явж байхдаа осолд орж "үхэлтэй нүүр тулж" явсан ба чухам тэр цаг үест энэхүү алдарт дууны санаа төрсөн гэдэг.   

Боб Диланы дуулсан хамгийн анхны хувилбар:

1975 онд алдарт гитарчин, дуучин Эрик Клаптон уг дууг рэгги хувилбараар ковер хийн дуулсан байдаг. 

1986 онд Боб Дилан дуучин, хөгжимчин Тоом Петтитэй хамтран дуулсан хувилбар нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хувилбар нь байж мэднэ. 

1987 онд Guns N' Roses хамтлаг анх өөрсдийн тоглолт дээр ковер хийн дуулсан нь үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ авч 1990 онд студийн хувилбараа бичүүлсэн байдаг. Өнөөдөр та бүхэндээ 1992 онд алдарт дуучин Фредди Меркуригийн хүндэтгэлийн тоглолт дээр Guns N' Roses хамтлаг Knockin' on Heaven's Door дууг хэрхэн ковер хийсэн хувилбарыг толилуулж байна. 

Тэрээр 1995 онд МТV Unplugged тоглолтод оролцохдоо акустик хувилбарыг нь тоглосон байдаг. 

Домогт Пинк Флойд хамтлаг хүртэл Knockin' on Heaven's Door дууг ковер хийн дуулсан байдаг. 

Ерөөс уг дууг дэлхийн одуудаас ковер хийгээгүй уран бүтээлч маш ховор байдаг. Тухайлбал Боб Марлы, Жон Бон Жовы, U2, Брус Спрингстийн, Аланис Морисетте гэх мэтчилэн тоочоод байвал барагдашгүй. 

Та бүхэндээ зохиолч яруу найрагч Г.Аюурзанын уг дуунд зориулсан Бааранд шүлгийг толилуулж байна. 

БААРАНД

Knock, knock, knockin’ on heaven’s door…
Bob Dylan

Чухам юу наашаа дуудав аа?
Бороон дундуур алхсаар, А-Л-Х-С-А-А-Р, алхсаар,
Буйдхан бааранд ирээд хөгжимд дулаацаж сууна.
Боб Дилан…
Ээ, энэ амьдрал гэж
Эрдэнэшишийн шар айрагтай холилдсон амт шиг
Илэрхийлэгдэшгүй…
Хаашаа ч эд вэ дээ!
Гадаа намар. Үдэш. Бороо.
Энд ямар ч цаг улирал үгүй.
Гар дээрх шивээс л чиний нэрээр хөндүүр.
Чөлөөтэй уужим амьсгал - амьдрал шиг З-У-У-Р-Д-Ы-Н,
Чүдэнзний гэр дээр тэмдэглэсэн утасны дугаар шиг.
Өнөөхөндөө сэтгэлээр дүүрэн,
Өглөө болоход сэтгэлийг хоослох согтолт, мансуурал шиг.
Ханан дээрх бичээс,
Халамцуу сийлсэн зураг шиг.
Хөшиглөсөн тамхины утааг яран айсуй инээмсэглэл шиг,
“…тэр сайхан инээмсэглэл сэжигтэй…”,
Хөлийнхөө хумсыг солонгоруулж будсан охид шиг,
Дуусч буй янжуур шиг,
Вискинд уусч буй мөс шиг,
Хаа нэгтээ бөгжтэй хуруугаар тогшиж буй хаалга шиг,
Хаа нэгтээ газар алгадан унаж буй шувуу шиг,
Хаа нэгтээ давхил дундаа буудуулж буй буга шиг,
Хаа нэгтээ жаргаж, өөр нэгэнтээ мандаж буй нар шиг.
Ээ, Бурхан минь, мандаж буй нар шиг
Энэ амьдралд би ямар их хайртай вэ!
Ганцаараа.
Халамцуу.
Жаргалтай.
Гадаа намайг хүйтэн бороо хүлээж байна.

2007.10.17.
(“БЯСАЛГАЛ” түүвэр, 125-126-р тал)

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл