“Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн www.LiveTV.mn сайт асуудал хөндсөн нийтлэл цувралаар явуулж байгаа билээ. Бид өмнө нь Улаанбаатарыг Үбэржүүлье! хэмээн уриалж байсан бол Beeco компанийн залуусын туршицыг Улаанбаатарыг Үбэржүүлье: BEECO-гийн залуусын туршиц мөн танилцуулсан.
Такси үйлчилгээтэй холбоотой хүндрэл бэрхшээл, асуудал бидэнд өдөр бүр тохиолддог. Уншигчдын зүгээс талархал хүлээсэн энэхүү нийтлэлийг бид үргэлжлүүлж, ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ удаад Улаанбаатар хотын такси үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлэхээр ажиллаж буй ЮБИ КАБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцсан юм.
-Яагаад таксины салбарт оролцохоор болсон юм бэ? Ubcab апп ямар учраас хийхээр болсон юм бэ? Ямар хүмүүс хийж байгаа нь сонирхол татаж байна.
-UBCab app анх 2014 онд анхныхаа загварыг танилцуулж байсан. Одоо хэдий нь таван жилийн нүүр үзэж өөрсдийн гэсэн үйчлүүлэгчтэй болоод байна. ЮБИ КАБ ХХК-ийг анхнаасаа технологийн салбарын залуучууд үүсгэн байгуулсан Старт-Апп компани. Одоо манай багт 13 хөгжүүлэгч ажиллаж байна, мөн дэлхийд технологиороо тэргүүлдэг АМАЗОН компанийн ахлах хөгжүүлэгч Н.Шагай манай ЮБИ КАБ ХХКомпанид технологийн зөвлөхөөр хамтран ажилладаг.
Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр иргэд өдөр тутмын амьдралдаа шинэ технологи ашиглан хурдан шуурхай, зардал чирэгдэл багатай үйлчилгээг хүсэмжилж сонгосоор байна. Иймээс ч бид дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэх үүднээс Монголын такси үйлчилгээг шинэ шатанд гаргахаар анхны такси дуудлагын АПП хөгжүүлж эхэлсэн билээ. Ирэх сард бид UBCAB шинэ хувилбараар нийслэлчүүддээ бэлэг барихаар ажиллаж байна.
-Тэгэхээр урьд нь үйл ажиллагаагаа эхэлсэн байсан гэсэн үг үү?
-Тийм. Бид 2014 оноос тус АПП-ыг такси үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 50 мянган хүн манай аппыг татаж 37 мянган хүн бүртгүүлсэн байдаг. Нийт 400 гаруй мянга амжилттай дуудлага гүйцэтгээд байна. Гэхдээ манай үйлчилгээнд эрэлт ихсэж нийлүүлэлт талдаа буюу үйлчилгээнд явж байгаа такси цөөдөөд байна. Бид зөвхөн Нийслэлийн тээврийн газарт бүртгэлтэй албан ёсны зөвшөөрөл, бүртгэлтэй автомашинуудтай л хамтран ажилладаг. Энэ нь хүн амтайгаа харьцуулахад харьцангүй цөөхөн байна.
-Танайх такси үйлчилгээний компаниудтай хамтран ажиллана гэж ойлгож болох уу?
-Онлайн такси үйлчилгээ гэхээр хүмүүс ихэвчлэн олон улсад амжилттай яваа UBER, LYFT, DIDI гэх мэт платформуудын жишгээр хувь хүмүүс бүртгүүлээд такси үйлчилгээ явуулах гэж ойлгодог. Эдгээр платформууд олон улсад амжилттай хэрэгжсэн ч эргээд олон хотоос буцаад гарах болсон. Учир нь тухайн улсын хууль тогтоомж стандарт, хөгжлийн түвшингээс шалтгаалж байна. Манай улс одоогоор такси үйлчилгээг нийтийн тээвэр гэж үзэж албан ёсны лицензтэйгээр үйлчилгээ явуулах эрх зүйн зохицуулалттай улс учир бид зайлшгүй стандартын такси компаниудтай л хамтран ажилладаг. Стандарт гэдэгт олон зүйл багтаж байдаг энэ хүрээнд албан ёсны такси нь зөв талдаа жолоотой, арав хүртэлх жилийн насжилттай байх, шоо симфороос гадна баталгаажсан тоолуур гээд үнэ тариф, даатгал гээд олон зүйл зохицуулагддаг. Саяхан албан ёсны такси нь шар хүрээтэй номертой байхаар стандарт батлагдсан байдаг. Тэгэхээр манай улс албан ёсны такси үйлчилгээгэээ дагнан хөгжүүлэх байх.
-Хувиараа такси үйлчилгээнд явдаг жолооч нарын хувьд танайд хандах боломжтой юу?
-Улаанбаатар хотод бидний хэлж заншсанаар “халтуур” хийдэг 40 мянган жолооч байна гэсэн судалгаа байдаг. Хотын удирдлагууд, зам тээврийн яам хууль эрх зүйн талаас нь хувийн автомашинуудыг такси үйлчилгээнд бүртгэнэ гэвэл бид үйлчилгээндээ нэгтгэж үйл ажиллагаагаа өргөтгөж болно. Одоо мөрдөгдөж байгаа журмаар хувийн автомашинтай хүн такси баазтай гэрээ байгуулаад хамтран ажиллах боломжтой.
-Хэрэглэгчдийн хувьд танай апп хэрэглэснээр ямар давуу талтай вэ?
-Манай АПП-ыг хэрэглэж үзээгүй хэрэглэгчдийн хувьд такси дуудахын тулд 1 минут нь 500 төгрөг төлбөртэй дуудлага хийдэг. Учир нь танд хариулах оператор хүнийг цалинжуулах гэж. Тэгвэл манай UBCAB app хэрэглэгч App Store/Play Store татаад авсан байхад жолоочтой ямар ч зардал чирэгдэлгүйгээр шууд холбож өгдөг. Апп өөрөө стандартаар баталгаажсан таксиметртэй тул яг хэдэн км явсныг бодитой заах тул аналог таксиметр дээр гардаг үнийн дүнгийн маргаан гарч хэрэглэгчдийг хохироохгүй.
Үйлчилгээний стандарт хяналтаас хамаардаг. Үйлчилгээний стандартыг үйлчлүүлэгчид тогтооно. Хэрэглэгчээс сайн үнэлгээ авсан жолооч дуудлага түрүүлж авах зэргээр урамшуулалд хамрагдана. Харин тааруу үнэлгээтэй жолооч үйлчилгээнээс хасагддаг. Мөн бид шинэ хувилбар дээрээ бэлэн бус төлбөрийн шийдлийг хэрэглэгчдэд санал болгохоос гадна, Е-баримт олгох гэх мэт олон давуу талыг санал болгож байна.
-Нэг км-ыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?
-Дуудлагын хөлс 1000 төгрөг, нэг км нь 800 төгрөгөөр тооцож байгаа. Үнэ тарифыг хотын тээврийн газраас тогтоодог.
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад такси үйлчилгээ ямар үүрэгтэй вэ?
-Улаанбаатар хот 500.000 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот гэдэг тэгвэл одоо автомашины тоо нь гэхэд 500.000 гарчихаад байна. Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээвэрийг хөгжүүлэхээс өөр гарц байгаа гэжүү?
-Манай livetv-гээс “Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн уриалж байгаа. Энэ асуудалд та бүхэн хэрхэн хандаж байгаа вэ?
-Дэлхийн жишигт UBER, LYFT, DIDI зэрэг такси дуудлагын аппнуудаас хамгийн олон хотод амжилттай яваа нь UBER гэхдээ яагаад UBER гэж? Хэдийгээр манай улсын технологийн салбарын эко систем сул хөгжсөн ч монгол залуучуудын маань ур чадвар дэлхийд хэдий нь хүлээн зөвшөөрдөж байгаа тухай олон жишээ дурьдаж болохоор байна. Монгол залуучуудын бүтээл болох UBCAB app шинэ хувилбарыг тун удахгүй танилцуулсаны дараа та бүхэн Улаанбаатарыг ЮБИКАБжүүлье гэж уриалах байх гэдэгт итгэж байна.